МАН, АН хоёрыг улстөрд долоо буудуулсан чоно шиг болчихсон ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАНАН гэж нэрлэсэн. АН, МАН хоёр нийлж манан татуулдаг нь зарим тойргийн хуваарилалтаас тодорхой харагдана. Хүчтэй, намдаа нөлөөтэй нөхдөд дуучин Г.Эрдэнэтунгалаг шиг улс төрд туршлагагүй урлагийн хүнийг аманд шууд хаяж өгдөг нь 2016 онд харагдсан. Одоо Төв аймгийн тойргийг МАН, Ардчилсан намд тэр хаяар нь хаяад өгчихлөө гэсэн шүүмжлэл гарч байна. Гэхдээ "дахан дор эр" гэдэг шиг эцсийн эцэст Төв аймгийнхны сонголт л шийднэ. 100 сая төгрөгөө намдаа тушаагаад ч, тойрогтоо тэрбумыг зарцуулаад ч, ард нь томоохон компани, бүлэглэл байхгүй бол энгийн нэг залуу АН-аас мандат авч нэр дэвших нь хэцүү болсон бололтой. УИХ-ын гишүүн, Боловсролын сайд байсан Лу.Гантөмөрийг Э.Долгионоор шууд солилоо. Э.Долгион нь АН-д хүчин зүтгэж яваагүй, МАН-ынх ч байж магадгүй нөхөр гэлцэнэ. Хамгийн гол нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувь, Худалдаа хөгжлийн банкны харьяанд багтах болохоор Э.Долгион зовж зүдэрсэнгүй, зүгээр л нэг тойрогт эзэн суулаа. Дараа нь мөн л 49 хувь, Худалдаа хөгжлийн банктай холбогдох Да.Ганболд, хоёр жил Хөвсгөлөөр явж, "Чинээлэг малчин" хөтөлбөр хүртэл боловсруулж, Хөвсгөлд нэр дэвшихээр чамбай бэлдсэн, ялах магадлалтай залуу Хаш-Эрдэнийн Эрдэнэбаатарын тойргийг шууд булаалаа. Сэтгэл зүрх, мөнгө хөрөнгөө харамгүй цацсан ч эцсийн мөчид ингэж үлдэх харамсалтай байгаа биз ээ. Бие дааж нэр дэвшинэ гэж материалаа бүрдүүлсэн Г.Уянга АН-ын дарга С.Эрдэнэтийн өрөөнд хэдэн цаг саатаад, Чингэлтэйд нэр дэвшихээр болсон нь алсуураа Ерөнхийлөгчийн хаялга, буян. З.Энхболд Дархан-Уулд нэр дэвших гэж байгаад Тордайн Ганболд тэргүүтэй залуусаас жийрхсэн үү, Майнбаярын Тулгатыг "хуга мөргөж" Баянзүрх дүүрэгт нэр дэвшлээ. М.Тулгат "Тойрогтоо найман жил ажиллаж, сүүлийн үед тэрбум төгрөг зарцуулсан болохоор..." шар нь хөдөлж байгаагаа нуугаагүй. Ингэхэд АН-ын лидер, эсвэл АПУ, ХХБ, MCS, өөр бүлэг фракцгүй бол Ардчилсан намаас залуус нэр дэвших хэцүү болжээ. Эртхэн амь амиа бодоорой залуус аа гэж захимаар...