alim.mn | 2024.12.23
Топ модель Д.Пүрэвсүрэн, П.Анужин Алдарт эхийн одонгоо гардан авч чадахгүй нь

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд заасны дагуу зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнахаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргадаг.

Энэ жил хуульд заасан нөхцөл, шалгуурын дагуу урьдчилсан байдлаар “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон хүртэх 745, хоёрдугаар зэргийн одон хүртэх 10 мянга 160 гаруй ээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт материалаа ирүүлжээ. Гэсэн ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын улмаас дотоодод Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул “Эхийн алдар” одонг засаг, захиргааны нэгжийн аль ч түвшинд биечлэн гардуулахгүй байхаар шийдвэрлэлээ. Тиймээс топ модель Д.Пүрэвсүрэн, П.Анужин зэрэг олны танил бүсгүйчүүд одонгоо олны өмнө гардаж авч чадахгүй нь.

“ОДОНГИЙН МӨНГӨ” АВАХЫН ТУЛД БИЧИГ, БАРИМТ БҮРДҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ

Энэ онд “Эхийн одон”-г гардуулахгүй ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ээжүүдэд одон олгох зарлиг гаргана. Ингэснээр “одонгийн мөнгө” олгох явц хэвийн үргэлжлэх юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар холбогдох яамдтай санал солилцож, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд заасан “одонгийн мөнгө” авах шаардлагыг хөнгөвчилж байна. Одонгийн мөнгө авахыг хүссэн ээж “Эхийн алдар” нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одонгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мөнгөн тусламж авахыг хүссэн өргөдөл зэргийг бүрдүүлж дүүргийн халамж, үйлчилгээний байгууллагад өгдөг байсан. Энэ жилээс дээрх бичиг, баримтыг бүрдүүлэх шаардлагагүйгээр “одонгийн мөнгөө” авах боломжтой болжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ