Эдийн засагч Н.Дашзэвэг гэж сайхан монгол эр бий. Улс төр эдийн засгийн талаар ярьж, телевизийн эфирээс салдаггүй байв. Эдийн засгийн дээд сургуулиа Бизнесийн дунд сургууль болгосон энэ эрхэм өөрийгөө "Гавьяат эдийн засагч намайг сонгож байж эдийн засгаа гарцаагүй аюулаас аварна" гэж сурталчилж байна. Одоо телевизийн дэлгэцээс илүү өөрийнхөө нүүр номд идэвхтэй байгаа. Тэрбээр "Би 2005 онд УИХ-ын гадна "Оюу толгой 50/50 хөдөлгөөн" байгуулж ганцаараа шахам тэмцэж оч асаагаад УИХ-ын гишүүн Ономоогийн ЭНХСАЙХАН над дээр туслахтайгаа ирж санаа нийлээд тэмцсэн юм. Хуулиараа гадаадын компанид баахан хөнгөлөлт эдлүүлэх гээд байсан юм. 2,5:97,5 гэж хуваагдах гэж байв. Оюу Толгойн анхны гэрээг бид зогсоосон Ономоогийн Энхсайханы амь насаар зогсоосон. Хөнгөлөлтүүд байхгүй болсон. Олон арван тэрбум доллар ард түмэндээ авч үлдсэн юм. Над руу хутгатай залуус шөнө харанхуй подезинд дайрсан. Би айж бэлтгэлтэй ордог байсан. Сагсан бөмбөг тоглодог байсан тулдаа огцом реакц үзүүлж зайлж зугтаж амь насаа аварч байсан. Мангаагаад зогсож байсан бол хутгаар сийчүүлэх байлаа. Тэмцлээ зогсоогоогүй. Ард түмнийхээ асар их баялгийн төлөө надад амь насаа хайрлах сэтгэл төрөөгүй. Тагнуулын газрын дарга Чимид-Юндэн надтай уулзаж сонор байхыг зөвлөж, харьцах хүн утас өгч байсан. Үүнийг хэн ч мэдэхгүй" гэжээ.
