Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гэнэтхэн Худалдаа хөгжлийн банкны атганд орж, олон нэр дэвшихээр горилж явсан гишүүдийг гомдоов. Баян-Өлгийд нэр дэвшихээр тууштай ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан А.Бакейгийн оронд Ерөнхийлөгчийн хүн гэгддэг Д.Мурат дахин орж ирлээ. Завхан аймгаас гурван удаа сонгогдсон Я.Санжмятавыг Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханаар солилоо. Архангайдаа дэвших боломжтой Сангийн сайд асан Б.Болорыг 1990 оны хүүхэд гэгдээд байгаа П.Мөнхтулгаар солилоо. П.Мөнхтулгыг улстөрч биш, загварын сайхан бүсгүйчүүдээр өөрийгөө хүрээлүүлж явдаг гэдгээр нь олон нийт танина. Булганд нэр дэвших санаатай явсан, МҮХАҮТ-ын дарга Б.Амартүвшинг Өсөхбаяр гээд олон танигдаагүй залуугаар гэнэт солилоо. Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Ж.Эрдэнэбатыг тойргийн гадна үлдээлээ. Говь-Алтай аймгаас горилж байсан МҮОНРТ-ийн захирал асан Ц.Оюундарийн оронд О.Батханд гэж сэтгүүлчийг явууллаа. Баянхонгор аймагт бүх бэлтгэлээ хангаад байсан Д.Мөнх-Эрдэнэ гомдоод зогсохгүй, бие даан нэр дэвшлээ.
Түүнчлэн Дархан-Уул аймгаас нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байсан “Дулааны цахилгаан станц”-ын дарга Нямдаваагийн оронд “Б.Бямбасайханыг дэвшүүлэв.Эдийн засагч Б.Бямбасайханыг "Худалдаа хөгжлийн банкны хүн" гэж байна. Хэнтий аймагт Б.Гарамгайбаатар, М.Хүдэрбаатар, Ж.Осгонбаатар гэсэн гурван “баатар” нэр дэвшихээр зуузай холбож явтал Э.Бат-Үүл Баатар хөндлөнгөөс орж ирлээ. Улаанбаатарт тойрог олдоогүйн улмаас Хэнтий рүү "шидэгдсэн" Бат-Үүл баатар гомдож баярлаж явааг таашгүй. Ардын уран зохиолч аав С.Эрдэнийн нутаг болохоор эрхбиш ивээлээ хайрлана биз ээ. Дорнод аймагт АПУ-гийн П.Батчимэг, Дундговь аймагт бэлтгэлээ бүрэн хангасан Р.Эрдэнэбүрэнгийн оронд УИХ-ын "сарын тэмдэг" Б.Наранхүү, Өвөрхангайд Асашёорюү Д.Дагвадоржийн оронд Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөгийг илүүд үзлээ.
Ж.Наранцацралт агсны хүү Н.Соёмбо Дундговь аймагтаа АН-аас нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн ч шахагдсан учраас бие даан нэр дэвшиж байна. Төв аймгаас нэр дэвшихээр бэлдэж, С.Эрдэнэ даргын баруун суганд бат хавчуулагдсан “Зэс эрдэнийн хувь”-ийн Д.Алтанхуяг ч жийгдэв. Чингэлтэй дүүрэгт Гарьдхүүгийн Баярсайханы Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, нэр дэвших бэлтгэлээ 100 хувь хангаж танигдсан Д.Сүндийгийн оронд ИЗНН-ын угшилтай Р.Булгамаа нар хүч түрэн орж ирлээ. УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг, Ш.Түвдэндорж, "ТЭСО" группын Сайнбуян нар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших гэж байсан ч оронд нь Д.Батбаяр /Кёкүшюзан/, М-ойлын Б.Пунсалмаа нар намаасаа гарч ирлээ. БСШУС-ын сайд асан Лу. Гантөмөр Сүхбаатар дүүрэгт өрсөлдөхөөр мөнгөө төлж, тойргоо тордсон ч Э.Долгионд тойргоо алдав. ЕТГ-ын дарга асан З.Энхболд "Шонхор" фракцынхаа “Бридж” Д.Ганхуяг, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат нарыг жийж, тойргийг нь булаалаа. АН-ын дэд даргаар ажиллаж байсан Банзрагчийн Дэлгэрмаа квот олдохгүйг мэдэнгүүтээ намаа орхиж, Н.Энхбаярын толгойлсон "Та бидний эвсэл"-ээс нэр дэвшлээ. АН-ын дэд дарга хүн сонгуулийн өмнөхөн намаасаа гарахаар тулалдаанаас зугтсан хурандаатай адил биз. Ардчилсан намын дарга асан, Ардчилсан ерөнхий сайд асан Н.Алтанхуяг намаасаа хасагдаж, Эрдэнэтэд бие даан нэр дэвшиж байна. Гэртээ хонохгүй шахуу Хөвсгөлд хоёр жил ажилласан Х.Эрдэнэбаатарын оронд Да.Ганболдыг дэвшүүлж, АН-ын олон гишүүд гомдож үлдлээ.