Венесуэл улсын эдийн засаг эрчимтэй уруудаж, иргэд нь гадагшаа цагаачлахыг илүүд үзэх болсон. Энэ бүхэн Мадуро гэх автобусны жолоочийг удирдагчаа болгож, урьдын удирдагч Уго Чавесээс эхэлсэн асуудал гэдгийг барууны хэвлэлүүд бичдэг. Гэтэл "муухай дээр улцан" гэдэг болж байна. Венесуэл Улсын Төв банк нь короно вирустай тэмцэхээр Английн банкинд хадгалуулж байгаа 1 тэрбум ам.долларын үнэлгээтэй алтны нөөцөө авах гэсэн. Гэтэл Ерөнхийлөгч Николас Мадурогийн дэглэмийг зогсоохын тулд түүний гадаад дахь хөрөнгийг царцааж буй Америкчуудын оролдогоос болж Английн банк буюу Bank of England алтыг нь өгөхгүй арга саам хийж байна. Тиймээс Венесуэл улс Английн банкийг шүүхэд өгөхөөр боллоо. Венесуэлийн банк Английн банкнаас энэхүү алтны нөөцийг зарж мөнгөн дүнг нь тус улсад эрчимжээд байгаа Ковидын тархалтын эсрэг зогсоохоор ажиллаж байгаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр лүү шилжүүлэхийг өөрийн төлөөлөгч болох Zaiwalla &Co гэх Лондонгийн хуулийн фермээрээ дамжуулан хүсэлт гаргажээ. Энэхүү маргаан нь нэлээд хугацаанд үргэжилж байгаа. Ерөнхийлөгч Николас Мадурогийн дэглэмийг зогсоохын тулд түүний гадаад дахь хөрөнгийг царцааж буй бодлогоосоо америкчууд буцахгүй байна. Дээр нь цар тахлын нөхцөл байдал нэмэрлэж байгаа нь асуудлыг ийнхүү улам ээдрээтэй болгож байна.
Өнгөрсөн жил АНУ-ын албаныхан түншүүдээ лоббидож, мөн тус банкинд байрших Венесуэлын 1.2 тэрбум ам.доллар бүхий алтны нөөцийг гаргуулалгүй авч үлдэж чадсан юм. Zaiwalla &Co хуулийн фермийн ахлах Sarosh Zaiwalla мэдэгдэлдээ, “Английн банк Венесуэл улс болон НҮБ-ын Ковид-19-тэй тэмцэх үйл ажиллагаанд маш их садаа болж байна” гэжээ. Цааш үргэлжлүүлэн хэлэхдээ, “Венесуэлийн ард түмэн газрын тосны үнийн уналт, АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээ зэрэг дээр нэмээд энэхүү цар тахлын аюул заналтай тулаад байна. Английн банк ийнхүү Венесуэл улсын алтны нөөцийг гаргахгүй байгаа нь олон мянган ард иргэдийн амь насыг эрсдэлд оруулж байна” гэжээ. Харин тус банк ямар нэг хариу мэдэгдээгүй байна.