МАН 2016 оны сонгуулийн дараа 65 УИХ-д суудалтай нам Засгийн газраа бүрдүүлэхдээ Эрүүл мэндийн сайдаар А.Цогцэцэгийг томилсон. Тухайн үед шинэ сайд А.Цогцэцэгийг эрүүл мэндийн салбарт 30 жил ажилласан, 2003 оноос Зуун айл дахь Арьсны өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар ажилласан "Мэргэжлийн засгийн газар байгуулна" гэсэн амлалтанд ойр хүн гэж байлаа. Харин засгийн газар огцорч, А.Цогцэцэг сайд ч халаагаа өгсөн. Нам гүмхэн ажлаа өгсөн Аюушийн Цогцэцэг саяхан цар тахал санаа тавьж зөвлөгөө өгсөн нь хүмүүсийн сэтгэлд нийцэж, "Мэргэжлийн эмч хүн өөр байна" гэж байна. Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг "Яг үнэнийг хэлэхэд санаа алдмаар үе их ойрхон ирлээ. Монгол улсад COVID-19 ийн халдвар 140 хүрлээ. Энэ тоо манай орны хувьд бага тоо биш, ачаалалтай тоо гэдгийг хаана хаанаа л анхаарч, анхааралаа сулруулж болохгүй гэдгийг шууд хэлье!
Хамгийн гол юм анхдагч хавьталуудаа бүрэн хянаж, тэд маань халдвар хамгаалалын дэглэмээ сайн бариарай! Онгоцонд суухаас эхлээд халдвартын эмнэлэг болон тусгаарлах цэг хүртэл явсан бүх хүн хүч, унаа тэрэг, хүлээж авч буй ажилчид, хамт явж байсан иргэд хил гааль нисэхийн ажилчид бүгд халдварын голомтонд орсон шүү! Үүнд жижиг зүйл гэж байх ёсгүй! Хайхрамжгүй байдлаас, эсвэл Монголчлох сэтгэлгээгээр асуудалд хандаж алдаа гаргах бий! Онгоцоор ирж байгаа иргэдээс Covid-19 гарч байгаа тул тэнд үйлчилж буй бүх хүн 1-р зэргийн хавьтагч тул, хамгаалалтын 1-р зэргийн өмсгөл, N95 масктай байх ёстой! Нөгөөтэйгүүр голомтонд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынхныг хөөрөгдөж олон цагаар ажиллуулж болохгүй! Бидэнд цаг яагаа ч үгүй эрт байна! Эрт хүчээ барж болохгүй шүү! Хурдны морь хүртэл хазаарыг нь тохируулж тавьж байж барианд амжилттай орж ирдэг гэдгийг Монголчууд бараг бүгд мэднэ. Эрүүл мэндийн ажилтан, ажилчдын ажил амралтын нь цагийг яс барих хэрэгтэй! Иймд шөнийн цаг 4 цагаас хэтрүүлэхгүй, өдөр 6 цагаас хэтрүүлэхгүй ажиллаад ээлж солигдох ёстой.
Эцэст нь
1. Иргэд маскаа зөв зүүгээрэй!
2. Гараа сайн угаагаарай!
3. Хамар залгиураа физиологийн уусмалаар сайн зайлж угааж байгаарай!
4. Төвлөрсөн хот суурин болон хүний бөөгнөрөл ихтэй газраас хол байгаарай!
Урин дулаан болж байна зусландаа гараарай!
5. Хүнсний дэлгүүрүүд тэргэнцэрээ хүн бүрийн дараа ариутгах, эсвэл орход нь шууд торыг нь өгөөд оруулаарай!
Бүгдээрээ бие биедээ шаардлага тавья!!! Битгий эмзэглээрэй! Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө!!!" гэжээ.