Азий, Европын улсуудын төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулсан сайшаалтай ч, ард нь санхүүгийн асар их зөрчил гарсан. Асем яг хэдэн төгрөгөөр зохион байгуулагдсан бэ? Зохион байгуулагчид 20-хон тэрбум гэсэн ганцхан тоо хэлдэг. Харин аудитын дүгнэлтээр 395.7 тэрбум төгрөг зарцуулсан. Үүний 23 хувь буюу 90.9 тэрбум төгрөг нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөс, 11.6 хувь буюу 46.1 тэрбум төгрөг нь төрийн өмчит аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгө, хандив тусламжийн хөрөнгөөс, 65.4 хувь буюу 258.7 тэрбум төгрөг нь гадаад, дотоодын банкны зээлээс зарцуулагдсан байна гэсэн...
“АСЕМ”-ыг зохион байгуулахад 2015, 2016 оны төсвөөс урсгал зардалд нийт 1.9 тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэтэл үүний 507.3 сая төгрөгийг “АСЕМ”-ын бэлтгэл ажилд хамааралгүй арга хэмжээнд зарцуулжээ. Тухайлбал, Гадаад харилцааны яамны ажилтнууд “АСЕМ”-тай холбоогүй гадаад томилолтонд 263.9 сая төгрөг зарцуулсан байна. Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэн, түүний туслахаар ажиллаж байсан Г.Учралт нар 2015 оны есдүгээр сарын 9-нөөс аравдугаар сарын 3-ны өдрүүдэд НҮБ-ын ерөнхий ассемблэйн 70 дугаар чуулганд оролцохоор явахдаа Сайдын зочид буудлын хоногийн зардлыг 5000 ам.доллар, туслахын зардлыг 200-400 доллараар тооцон гаргажээ. Үүнийг гүйцэтгэлтэй нь тулгахад сайдын зочид буудлын ор хоногийн зардалд 1500 ам.доллараар илүү тооцон, Л.Пүрэвсүрэн сайдад 12.8 мянган ам.доллар буюу 25.6 сая төгрөг илүү олгожээ. Харин туслахад нь 1.2 сая төгрөг илүү олгосон байна. Мөн Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэн, Бодлого төлөвлөлт зохицуулалтын газрын дарга Г.Амартүвшин нарын хоёрдугаар сард ХБНГУ-ын Мюнхен хотод бага хуралд оролцсон томилолтын зочид буудлын зардалд сайд дөрвөн сая, газрын даргад 2.3 сая төгрөгөөр хэтрүүлэн олгожээ.