УИХ-ын гишүүн байгаад бүрэн эрхээсээ түдгэлзэж, иргэн Н.Номтойбаяр болсон хүн Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээр болсон. Монголын толгой баяны хүүг гарцаагүй улс төрд хөтлөн оруулсан хүн нь У.Хүрэлсүх. УИХ-аас гарах гарцыг заасан хүн нь ч МАН-ын дарга У.Хүрэлсүх. Зарим нь У.Хүрэлсүхтэй ганц "үздэг" хүн нь Н.Номтойбаяр болохоор "тоглоом"-оос гаргалаа гэдэг. Н.Номтойбаяр ч өөрөө дуулианы "хөрөнгө". Булган аймгийн Түлүүгийн даваанд мотоцикльтой хүн дайрч амь насыг нь хохироосон. Мөн өнгөрсөн жилийн 5 дугаар сарын 17-нд төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан Г.Батхүү агсны хамгийн сүүлд уулзсан хүний нэг нь Н.Номтойбаяр болохоор байдал ээдрээтэй болсон. УИХ-ын сонгууль дөхөж, улс төр "хурцадсан" цагаар өнөөдөр хоёр сонирхолтой эрхэм ярилцлага өгчээ. Г.Батхүү агсны төрсөн дүү П.Батчимэг "Өдрийн сонинд ярилцлага өгчээ. Тэрээр
-Сүүлийн 12 жилийн хугацаанд Хан-Уул дүүрэгт хийсэн ажил надад бий. Олон жил эндхийн хүмүүстэй ойр ажиллалаа. Тиймээс надад итгэдэг сонгогчид, гар нийлж ажиллаад сурчихсан хамт олон бий. Хэрэв Хан-Уул дүүргээс Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн бол надад илүү боломж байсан гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ нэг жилийн өмнө би Дорнод аймагт очъё гэж хатуу шийдсэн. Очихыг маань мэдчихээд нэг хүү зугтчих шиг боллоо/инээв/.
-Өс, хонзон авахын тулд Дорнод аймагт нэр дэвшсэн гэсэн үг үү?
-Ахынхаа үхлээр улс төр хийтлээ хүн чанараа алдчихаагүй байна. Бид үндэсний хэмжээний бизнес босгож, төрийн албанд ч нэр нүүртэй ажиллаж ирсэн хүмүүс. Хийж ирсэн ажил маань бидэнд нэг зүйлийг хатуу суулгасан. Энэ бол хариуцлага, ёс зүй. Надад, бидэнд хариуцлага нэхэх, шударга ёсыг сахиулах зайлшгүй шаардлага байна. Бид ахыгаа алдаад нэг жилийн хугацаа өнгөрчихлөө. Өнөөдрийг хүртэл хүлээцтэй байж, хуулийн байгууллагыг ажлыг хийлгэсээр ирсэн. Харин биднийг яаж доромжилж, басамжилж байгааг Монголчууд бүгд харлаа. Гэтэл биднийг хуулийн байгууллагад нөлөөлж байгаа гэж улайм цайм гүтгэж байна. Миний энэ шийдвэрийг өс хонзон гэж ойлгохоос илүүтэй Монголын төрд байж болохгүй хүмүүсийг “зайлуулахад” хувь нэмрээ оруулахын тулд гэж ойлгох хэрэгтэй гэжээ.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэр бүхий сайтад ярилцлага өгч, "Н.Номтойбаярын өөрийнх нь хүмүүжил тийм юм. Яг үнэндээ бол Н.Номтойбаяр надаас өөр хүмүүстэй аймшигтай зөрчилтэй байснаас үүдэж энэ байдал үүссэн. Хоёрдугаарт, миний хуучин нэр дэвшиж сонгогдсон Хан-Уул дүүрэгт дэвших гэсэн зорилгодоо хүрэхийн тулд наадах чинь нохой зан гаргаж байна. Түүнээс Н.Номтойбаяртай муудалцсан зүйл надад байхгүй. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал хэлэлцэж байх үед Н.Номтойбаяр УИХ-ын гишүүдтэй ордны хуйвалдаан маягийн юм зохион байгуулаад, үлдэх ажил нэлээд хийсэн юм байна лээ. Тэрийг нь таслан зогсоосон хүн нь би мөн. Би Н.Номтойбаярыг яг энэ өрөөнд дуудаж уулзаад, “Чиний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ. Чи эхлээд хүн бол. Хоёрдугаарт, чамайг хүний амь нас хохироосон хэрэгт холбоотой гэж олон хүн хардаж байна. Хардах шалтгаан ч бас байна. Үүнийгээ цэвэрлэ. Түдгэлзүүлэх хугацаанд хүний амь настай холбоотой хардлага сэрдлэгийг цэвэрлэж дуусга. Тэгэхгүй бол чамд холын улбаатай хохиролтой явдал болно” гэдгийг хэлсэн...гэжээ.