alim.mn | 2024.12.24
Өмнөговийн дарга нар танхим байгуулах, нотебүүкээр хангах нэртэй 103 сая төгрөгийн “үл мэдэгдэгч” тендер зарлажээ

Хэдхэн сарын өмнө Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа 257 сая төгрөгөөр  “LEXUS 570” загварын автомашиныг улсын төсвийн хөрөнгөөр худалдаж авахаар тендер зарлаж шуугиан тарьж байсан. Тэгвэл Засаг дарга Р.Сэддорж түүний араас оржээ. Аймгийн ЗДТГ-ын захиалгаар “Төрийн албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулж, төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх боломжийг нэмэгдүүлэх хүрээнд сургалтын танхим байгуулж, хурлын танхим тохижуулах/ажилчдыг нотебүүкээр хангах/” гэсэн 103 сая төгрөгийн өртөгтэй тендер зарлажээ. Урт нэртэй гарчигнаас л харахад хурлын танхим тохижуулах, эсхүл нотебүүкжүүлэх гээд байгаа эсэхийн аль нь болох нь мэдэгдэхгүй байна.  Эхнээсээ хардлага төрүүлсэн энэ тендер нь цаашаа бүр сэжигтэй агаад техникийн баримт бичиг нь зориуд санаатай хийгдсэн юм уу гэмээр бүрхэг тодорхой бус аж. Тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтонд авах гэж буй бараа, үйлчилгээний нэр төрөл, хэлбэр, тоо ширхэг, техникийн үзүүлэлтийг нарийн тодорхой бичдэг журамтай. Гэтэл Өмнөговийн энэ тендерийн техникийн тодорхойлолтын хэсэг нь хоосон агаад ер нь ямар ажил үйлчилгээ авах гээд байгаа талаар үг, өгүүлбэр алга байна. Хэрвээ хурлын танхим тохижуулах гэж буй бол зураг төсөл нь байх ёстой ч алга. Мөн нотебүүк худалдан авах гэж буй бол техникийн үзүүлэлтийг нь оруулах учиртай ч тэр нь мөн  байхгүй. Ийм нэгэн сэжигтэй тендерийг 103 сая төгрөгөөр зарлажээ. Засгийн газрын хуралдаанаар төрийн байгууллага, төрийн өмчит компаниуйдыг автомашин тавилга, тоног төхөөрөмж худалдан авах, урлаг соёлын арга хэмжээг ивээн тэтгэхийг хориглосон ч энэ заалт хөдөө орон нутагт иймэрхүү хэрэгжиж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ