Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан болж байна. Энэ үеэр УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин CoVid19 халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гадаадаас иргэдээ татах асуудлаар танилцуулга хийв. Ингэхдээ эрсдэлийн үнэлгээгээр Монгол Улс маш өндөр эрсдэлтэй гэж гарсан тул өндөржүүлсэн бэлэн байдлыг зургадугаар сарын 30 хүртэл сунгах санал гаргасан юм. Мөн энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Монгол Улсад СoVid19 халдварын 141 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 121 нь ОХУ-аас бусад нь Англи, Солонгос, Польш, Швейцар улсаас бүртгэгдсэн. Хоногт 150-200 эмч мэргэжилтэн тусгаарлалтад ажиллаж байна. Тусгаарлах байранд 1141 хүн байна. Гадаад байгаа иргэдийн 13 нь эдгэрсэн” гэв. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсон бөгөөд УОК-т хэд хэдэн чиглэл өглөө. Тэрээр “Коронавируст цар тахлын эсрэг арга хэмжээний хуулийг иргэдэд сурталчлахыг үүрэг болгоё. Эрүүл мэндийн салбар үүргээ сайн биелүүлж байгааг сайшааж байна. Цаашид салбарын бэлэн байдлыг хангаж, нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг бэлтгэх, нөөц боломжоо зөв тооцоолох шаардлагатайг сануулъя. Хүнд нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдын ар гэрт мөнгөн урамшуулал олгох асуудлыг судалж, танилцуулахыг холбогдох албаныханд даалгасан. Монгол Улс маш өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс маш хариуцлагатай, анхааралтай ажиллах хэрэгтэй. Нөхцөл байдал хүндэрвэл орон нутаг бэлэн байдлыг хангасан эсэхээр дүгнэх шаардлагатай. Тиймээс орон нутгийн Онцгой комиссын удирдлагуудад үүрэг өгч байна. Мөн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай. Бид сахилга бат дэг журамтай байж, мэргэжлийн байгууллагын заавар чиглэлийг зайлшгүй биелүүлэх шаардлагатай. Дэлхий даяар нийгмийн орон зайг барих зарчмыг баримталж байна. Олон нийтийн газраар явахгүй, шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх нь өөрийгөө болон өрөөлийг хамгаалах арга юм шүү. Бид дотоод нөөц бололцоогоо зөв тооцоолж гадаадаас иргэдээ татаж байгааг иргэд зөвөөр ойлгоорой. Бид 10 мянган иргэнээ шууд авчрах боломжгүй. Аюулгүй байдлаа бүрэн хангасны дараа ээлж дараагаар авчирна. Харин одоо хилээ нээхгүй. Хэзээ нээхийг би хэлж чадахгүй. Нөхцөл байдал тайван болсон үед хилээ нээнэ. Халдварыг эмчлэх вакцин гаргасан үед өндөржүүлсэн бэлэн байдлыг зогсооно. Бид нөхцөл байдалд дасан зохицож, ард иргэдийнхээ амь насыг аврахыг чухалчилж байна. Ард иргэд ч төр засаг, УОК-оос гаргасан шийдвэрийг дагаж, мөрдөж, дэмжиж байгаад талархаж байна. Олон нийтийн сүлжээгээр худал ташаа мэдээлэл цацаж, иргэдийн сэтгэлзүйд нөлөөлж байгаа асуудлыг анхаарах шаардлагатай. Хүнд цаг үед худал ташаа мэдээлэл тараасан хүмүүстэй хуулийн хариуцлага тооцож ажилла. Шат шатандаа засагла” гэсэн юм. Үүний дараа УОК-ын хуралдааны хоёрдугаар хэсэг эхэлсэн бөгөөд хөл хориог 6-р сарын 30 хүртэл сунгах шийд гаргалаа.