Архангайн “нэрт бариач хатгадаг Догмид” гэж өөрийгөө танилцуулсан хүнд залилуулсан гурван хэрэг гарсан. Хохирогч Б.Т, Х.Б нар нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо 251 дүгээр байрны гадна өөрийгөө Архангай аймгийн нэрт бариач хатгадаг Догмид гэж итгүүлсэн хүнд хатгуулж эмчлүүлэхээр болж тус бүр 50-70 мянган төгрөг өгчээ. “Бариач” мөнгийг аваад “маргааш ирж хатгана” гээд алга болсон. Хохирогч Б.Т “...Би 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 19 цаг 30 минутын үед хүүхдээ дагуулан гарч байрны гадна гарахад настай ах өөрийгөө Архангайн нэрт бариач Догмид гэдэг хүн гэж танилцуулаад энэ байранд ирж хүн хатгаад явж байна гэсэн. Би “миний толгой их өвддөг эмчлүүлэх арга юу байна” гэсэн чинь “байгаа хатгаж өгнө маргааш 12 цагт энэ байранд ирнэ тэгээд уулзаарай энд ирж бариа хийгээд шөнө нь Америк ниснэ. Амжиж маргааш хатгуулаарай” гэсэн. Би “тэгвэл хатгуулъя мөнгө төгрөг нь яах уу” гэхэд “бэлэн бол ахдаа өгч болно” гэхээр нь 150 мянган төгрөг өгсөн” гэжээ. Гэртээ ороод фейсбүүкээр “хатгадаг Догмид” хэмээн хайхад “анхааруулга залилан хийж яваа хүн” гэсэн мэдээлэл гарчээ. Зургийг нь харахад мөнгө авсан хүн мөн байжээ. Энэ хэргийг өмнө нь нэг бус удаа ял шийлгүүлж явсан 54 настай Б.Х үйлджээ.