УИХ-ын 4 тойрог болох Булган аймаг 2 мандаттай. Булган аймгаас 2016 онд сонгогдсон Ж.Бат-Эрдэнэ гишүүн Зам тээврийн хөгжлийн яамны сайдаар ажилласан. Харамсалтай нь яаман дээр нь гарсан хүн амины хэргээс болон огцорсон билээ. Зам тээврийн хөгжлийн яаманд болсон зодоонд гар бие оролцсон Махбал саяхан 13 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Ж.Бат-Эрдэнэ анх гишүүн болоход гэр бүлийн гишүүд болон өөрийнх нь хөрөнгө орлого 2015 онд 224.910.000 төгрөг байжээ. Харин УИХ-ын гишүүнээр сонгогдож, Зам тээврийн хөгжлийн сайд болсон жилдээ огцом өсөж, 989,528,000 сая төгрөг хүртэл нэмэгдсэн байдаг. Харин Булган аймгийн иргэдийн хөрөнгө орлого нэмэгдээгүй. Эсрэгээрээ Булган аймаг эдийн засгийн хөгжлөөрөө 21 аймгаас 21 дүгээрт орж сүүл мушгисан үзүүлэлттэй.
Булган аймагт МАН-аас нэр дэвшиж буй Ц.Анандбазар 2012 онд Дорноговь аймгаас УИХ-д сонгогдохоор улайрч, тэнд нефтийн үйлдвэрийн шав тавьсныг мартаагүй. Гэвч сүүлийн 1-2 жил булганд ажилласны хэрэг гарлаа. Сод монгол группийн эзэн Ц.Анандбазар Булганы сонгогчдод мотоцикль, мешок, 10-20 мянган төгрөгийн бинзений талон хайр найргүй тараасан гэдэг. Монголчууд “Булганыхан будлиантай” гэж хошигнож ярьдагчлан Булганы тойрогт өрсөлдөөн ширүүсэн, сүүлийн үед Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ хоёрыг “гөвсөн” мэдээ гарч эхэллээ. АН-аас Д.Өсөхбаяр, С.Гал-Эрдэнэ, "Шинэ эвсэл"-ээс малчин Цэрэндэндэвийн Мэндээ, “Зөв хүн Электорат эвсэл”-ээс хуульч Б.Гүнбилэг тэргүүтэй 12 хүн нэр дэвшиж байгаа. Энэ өрсөлдөөн дундаас МАН-ын хоёр гишүүний тухай саар илүү мэдээ илүүтэй гарч, МАН-ын хоёр нэр дэвшигч гэдсэндээ хөлөө жийлцэж байна гэх юм. Арай үгүй байлгүй дээ.