alim.mn | 2024.12.23
АТҮТ-ийн экс тээвэр зохицуулагч автобусны шугам авч өгнө хэмээн залилан хийж мөрийтэй тогложээ

Авто тээврийн үндэсний төвийн харьяа Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн зохицуулагчаар ажиллаж байсан А.М нь нийт есөн иргэнээс 43 сая орчим төгрөг залилсан хэрэгт холбогджээ. Тэрээр хохирогч нараас “хөдөө орон нутагт хүн тээвэрт явах автобусны шугам авч өгнө”, “Улаанбаатар-Увс аймгийн чиглэлийн хот хоорондын зогчигч тээвэрт явах сонгон шалгаруулалтанд оруулж зөвшөөрөл авч өгнө”, “Баянхонгор, Өвөрхангай аймагт хүн тээврийн шугамд оруулж өгнө” гэх зэргээр залилж мөнгө авчээ. Мөн нэг иргэнийг Авто тээврийн төвд тоо бүртгэгчээр оруулж өгөхөөр амлан 700 мянган төгрөг авсан байна. Хохирогчид нь хот хоорондын тээвэр эрхлэгчид аж. Тэд хот хоорондын тээврийн сонгон шалгаруулалт хэрхэн явагддаг болохыг мэддэг ч ийнхүү мөнгөө өгч залилуулсан байна. А.М-ийн дээрхи хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж үзсэн бол өмгөөлөгч нь эрх бүхий албан тушаалтан биш гэж маргажээ. Экс зохицуулагч нь хохирогчдоос авсан мөнгөөрөө мөрийтэй тоглосон нь тогтоогджээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ