alim.mn | 2024.12.23
Шүүгдэгч Т.Билэгжаргал ГССҮТ-өөр үйлчлүүлээд гарахдаа зогсоолын 500 төгрөг төлөхгүй агсарч харуулыг зоджээ

Бэкэгийн 500 төгрөгийн "төлөөх" ТАНХАЙРАЛ
“Сэтгүүлч оруулмааргүй байх юм. Зураг авахуулахгүй шүү” гэх зэргээр шаардлага тавьж, тэр намайг шүүх хуралдаанд оролцуулах тун дургүй байна. Зогсоолын 500 төгрөгөө төлж чадахгүй гэж агсарч гэмгүй харуулыг хайр найргүй зодохоосоо өмнө, мансуурсан үедээ цахилгаан шатны хажууд эмэгтэй хүнд гар хүрэхээсээ урьтаж “ичих нүүрээ”, алдар нэрээ хайрлах л байсан юм даа, Бэкэ минь. Хүнд саагиж, сагсуурмаар омголон, дэврүүн үе байдаг л юм. Гэхдээ шүүхийн өмнө дуудагдах хүртлээ хөл алдсан нь цөөн биз.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 220 дугаартай шинжээчдийн дүгнэлтэд “...Т.Билэгжаргал нь сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй” гэсэн байв. Энэ дүгнэлт үнэн эсэхийг шалгуулахаар шүүгдэгч Т.Билэгжаргалд хийсэн шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааг 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин гаргах шаардлагатай гэж үзэн, шүүх хуралдааныг хойшлуулаад байсан юм. Энэхүү магадлагаагаар түүнийг хэрэг хүлээх чадвартай гэж үзжээ.
Энэ оны хоёрдугаар сард ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын цахим хуудаст тус газрын алба хаагчид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хадгалсан иргэн Б гэгчийг баривчилж буй бичлэгийг байршуулсан. Уг бичлэгийн тайлбарт “Тэрээр хар тамхи хэрэглэсэн үедээ төрсөн эхийгээ зоддог, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь тогтоогдоод байна” хэмээн бичсэн байв. Удалгүй Б-д Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хэргийг ирүүлсэн.
Хуулиас харахад тэр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулжээ. Гэхдээ хохирогч нь цахим хуудсаар тархсан цахилгаан шатны өмнө түүнд зодуулсан эмэгтэй биш.
Шүүгдэгч Т.Билэгжаргал 2020 оны нэгдүгээр сард мөрөндөө гэмтэл авч ГССҮТ-өөр үйлчлүүлээд гарахдаа зогсоолын 500 төгрөг төлж чадахгүй хэмээн агсарч харуултай маргаан дэгдээж ажлаа л хийж зогссон настай эрд эр бяраа гайхуулж нүүр нүдгүй цохиод авчээ. Т.Билэгжаргалд зодуулсан иргэн таван сарын турш хөдөлмөрийн чадвараа алдаж олон удаа мэс засал хийлгэсний эцэст тун саяхан ажилдаа эргэн орсон байна. Шүүхээс эмчилгээний зардал болон хөдөлмөрийн чадвараа алдаж ажилгүй болсон хугацааны нөхөн төлбөрийг Т.Билэгжаргалаар гаргуулахаар шийдвэрлэж 580 цаг нийтэд тустай ажил хийлгэх шийтгэл оноолоо.
Т.Билэгжаргалыг хоёр зүйл ангиар ялласан. Тэр хүн зодсоноос гадна НҮБ-аас хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, биедээ авч явжээ. Түүний эл гэм бурууд шүүхээс 2.6 жилийн хорих ял оноож өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзэж нээлттэй хорих ангид ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
“Энийг хэн од гэх юм” гэж хэн нэгэн уурлаж сэтгэгдэл үлдээх л байх. Гэхдээ Т.Билэгжаргалд гялалзаж явсан он жил уг нь бий. “Гарал угсаа”, “Нэг өдрийн хаан” зэрэг уран сайхны киног найруулж, нэгэн үе Монголын Ромео, Жульетта хэмээн дуудуулж явсан хачин гоё хайр дурлал, халуун дулаан гэр бүл нь түүнийг чимдэг байлаа.
Тайзан дээр өвдөг сөхөрч суугаад хайртдаа улаан сарнай бэлэглэн уйлуулж орхиход нь, эхнэртэйгээ хамт тоглосон кинонд франц маягаар үнсэлцэж, Бат-Оргилын “Мөнхийн ус”-ыг дуулж явахад нь “Ийм л мэдрэмжтэй залуутай болзохсон” гэхээс байж ядтал догдлох бүсгүйчүүд ч байсан.
Одоо бол хэний ч хараа булаах онц зүйлгүй байдаг л нэг залуу, бас гавтай. Үлдсэнээс гэвэл түүний “эрлийз” хэмээн цоллуулдаг ширүүн харц л хэвээрээ байна. Шүүгч шийдвэрээ танилцуулаад “Ойлгосон биз, Билэгжаргалаа” гэхэд тэр өнөөх л эрс шийдсэн харцаараа цонх өөд ширтсэн чигтээ толгой дохиж байна....
Ухаан дутсан газар уур ноёлдог гэдэгдээ...Нударгандаа биш сэтгэлдээ хүчтэй амьдраарай, залуусаа. Алдаа бүрийн ард ямархан хувь тохиол хүлээж байдгийг ухааруулахыг, ахиад олон залуус ааг омгондоо багтаж ядахдаа алдах вий гэхээс сэрэмжлүүлэхэд энэхүү тэмдэглэлийн зорилго оршив.

Эх сурвалж: ШҮҮХИЙН МЭДЭЭ 

Shuud.mn Г.СҮРЭН


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ