
Америк хос Латиша болон Тимоти Харрон нар нь 2017 онд Лас-Вегасд танилцаж гэрлэжээ. Эхнэр нь үүнээс долоон жилийн өмнө Хойд Каролина мужид эмчилгээний үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Agape Healthcare Systems, Inc”, “Assured Healthcare Systems” гэсэн хоёр ч компани байгуулсан. Улмаар хоёр компаниараа улсын “Medicaid” хөтөлбөртэй хамтран ажиллах гэрээ байгуулж чаджээ. Энэхүү хөтөлбөр нь эмнэлгийн үйлчилгээ асаргаа авах шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой. Хөтөлбөрд хамрагдах нь нэлээд шалгуур нөхцөл шаарддаг ч Латиша яаж ийгээд гэрээ байгуулж чадсан байна. Гэрээ байгуулахдаа өмнө нь бусдын хувийн мэдээлэлд халдсан хэргээр ял эдэлж байсан зэргээ ч сайн нуусан. Нөхөр Тимотитайгаа гэрлэсний дараа эхнэр нөхөр “Medicaid”-ыг цөлмөх арга сүвэгчилж эхэлжээ. Өмнө нь мөн л ял шийтгүүлж явсан нөхөр нь гол санааг гаргасан. Тэд хэвлэл болон сайтад нийтлэгдсэн гашуудлын мэдээнээс тухайн талийгаачийн овог нэр хаяг зэрэг мэдээллийг авч улмаар “Medicaid” –ын сангаас үйлчлүүлэгчийн регистрийн дугаар, өвчний түүх зэргийг олж мэддэг. Дараа нь өөрийн хоёр компаниараа талийгаачид нас барахаас нь өмнө үзүүлж байсан эмчилгээ, асаргааны жагсаалтыг хуурамчаар гаргаж явуулан мөнгө авч эхэлжээ. Энэ аргаар тэд 2017-2019 оны хооронд “Medicaid”-аас 13 сая доллар салгаж чадсан байна. Тэдний луйврыг хэн ч мэдээгүй ч эхнэр нөхөр хоёрын тансаглах гайхуулах хүсэл нь барьж өгчээ. Латиша Тимоти нар нь улсын сангаас луйвардсан мөнгөөрөө шууд баян амьдралд умбаж чинээлэг амьдрлын хэв маягийн зургаа цахимаар цацаж эхэлсэн. Үүнд “Tiffany&Co” брендийн 27 хайрцаг бараа, 900 мянган долларын үнэтэй хувийн онгоцны зураг зэрэг нь ихэд таржээ. Эдгээр зургуудыг цагдаа нар ч үзэж гэнэт баяжсан хосын мөнгөжсөн түүхийг сонирхож мөрдөөд луйврыг нь илрүүлжээ. Эхнэр нөхөр хоёрыг энэ сарын 19-нд баривчилжээ. Тэд олон жилийн хорих ялнаас гадна хулгайлсан бүх мөнгөө төлж дээр нь их хэмжээний торгуульд унах нь тодорхой болжээ.
Эх сурвалж : https://www.insider.com/vegas-couple-accused-of-stealing-13-million-from-medicaid-2020-5



