alim.mn | 2024.12.22
Ш.Сайхансамбуу: УИХ-ын гишүүд дотор инээдэмтэй улс их бий л дээ

Та улс төрөөс түр завсарлага авлаа. Энэ үедээ ямар ажил амжуулж байгаа вэ?

-Хүн ажил хийе гэвэл заавал УИХ-ын гишүүн болохгүйгээр ажлаа хийгээд явж болно шүү дээ. Миний хувьд энэ жил тийшээ ороогүй нь ч болсон байна лээ. Хувийнхаа бизнесийг хийгээд явсан нь дээр. 1996-2000 онд АН төр барьж байсан. Тэр үед би бизнес эрхэлж байсан. Ерөнхий сайд М.Энхсайханд ажлаа танилцуулаад дараа нь Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт болсон, хамгийн сүүлд Р.Амаржаргал Ерөнхий сайд болсон. “Нарантуул” худалдааны төвөө барихад эд л надад тусалсан. Тэглээ гээд энэ намд оръё гэж гүйгээгүй. Нэгдүгээрт би ажлаа зөв танилцуулсан, хоёрдугаарт ерээд онд захын асуудал хамгийн аюултай обьект байсан, тулгамдсан асуудал болчихсон байсан. Яг энэ замын хөдөлгөөний битүүрэл Дэнжийн мянгын захаас үүдэлтэй. Намайг гаднаас зээл авахад Засгийн газар тодорхойлолт гаргаж өгч байсан. Баталгаа биш шүү. Бүтэн гурван жил ноцолдож байж захаа барьсан. 1990-2000 онд боссон МУ-ын хамгийн том байгууламж гэвэл энэ зах л юм. Одоо ч үүргээ гүйцэтгээд явж л байгаа. Хүмүүс битүүлсэнгүй гэж шүүмжилдэг. Битүүлж болно, гэхдээ битүү зах их аюул дагуулдаг. Гал түймэр гарвал би шоронд явна, өөр хэн ч явахгүй. Ялыг нь надад тохно. Тийм учраас битүүлэхгүй, түрээс нь ч бага, юмны үнийг хөөрөгдөхгүй барьж байна. Одоо ч энэ дөрвөн жилд хийх ажлаа танилцуулаад явж л байгаа. Нүүрснээс түлш гаргах төслөө өгсөн. Станц барих проектоо өгсөн, яаж шийдэх юм байгаа юм. Шийдвэрийг нь хараад сууж байна. Хоёр гурван компани нийлж хийхгүй бол наадхыг чинь ганц Сайхансамбуу ч юм уу, ганц Оджаргал хийчих ажил биш ээ л гэсэн. Төр нь дэмжээд өгвөл хийчихнэ, дэмжээд өгөх байх гэж найдаад сууж байна. Ерөнхий сайдтай 2-3 удаа уулзсан. Өнөөдөр бид өөрсдөө түлшээ үйлдвэрлэдэг, дизелээ, бензинээ гаргадаг болох шаардлагатай байна. Олон ч жил ярилаа. Цахилгаан станц нэмж барихгүй бол 100 мянган орон сууц, хотын хөгжлийн талаар яриад байх юм байхгүй. Цахилгаан станц, дулааны станц хэрэгтэй байна. Дулаантай болохгүй бол 100 мянга битгий хэл 60 айлын орон сууц барихад ч хэцүү байна. Хотод газар нь алга байна. Тийм учраас хотоо тэлэхгүй бол ерөөсөө болохгүй. Жижигхэн Туул голын хөвөө дагасан Дунд голын эрэг дээр чихэлдээд болохоо байлаа даа.

-Танай захыг нүүлгэнэ гэж ярьж байсан. Юу болсон бэ?

-Ярьж байг л дээ. Нүүлгэнэ гэдэг чинь амар биш. Иргэдээсээ асууна, санал авна гэдэг. Санал авах байлгүй дээ. Захыг ганцхан өдөр хаагаад нүүлгэнэ гэж байхгүй. Ер нь нүүлгэнэ гэж хотын шинэ удирдлага ч ярьж байгаа юм биш. Шинээр хотын дарга болсон бүх хүн тэгдэг юм. Зах нүүлгэхээр сайхан санагдаад, өөрөө нэр хүнд олно гэж боддог юм уу хаашаа юм. Хотын даргадаа гол биш наана нь ажил хийдэг нөхөд захыг нүүлгэвэл таны нэр хүнд өснө гэж мэдээлэл өгдөг юм шиг байгаа юм. Надтай ямар ч хотын дарга уулзаж үзээгүй. “Энэ захыг сайжруулмаар байна, яах вэ” гэж огт ярихгүй. Нүүлгэнэ, устгаад байхгүй болгоно гэж яриад байдаг юм. Эндээс хөдөө орон нутаг руу хямд бараа очиж гол залгуулаад байгаа юм ш дээ. Нүүлгэх асуудлыг бяраар хийх ажил биш байх.

анай захаар ороход 50 төгрөг авдаг байсныг болиуллаа.Хэр алдагдал гарч байна?

-Тэгсэн гэнэ лээ. Сая намайг гадагшаа яваад ирсэн хойно тийм шийдвэр гаргасан байсан. Манай хаалга эзэнгүй болсон. Нохой шувуу чөлөөтэй гүйж орж байна. Архичин, согтуу галзуу хүн чөлөөтэй нэвтэрдэг болсон байна. Монгол улсын мөнгөн тэмдэгт 50 төгрөгийг 50 төгрөг гэдгээр нь тэнд л хэрэглэж байсан юм. Манай “Нарантуул”-аас өөр газар 50 төгрөгөөр хаана ч, ямар ч наймаа хийхгүй, юу ч худалдаж авахгүй. Хаалга үүд сахиад 20 шахам хүн ажиллаж, өглөө орой онгойлгож хаагаад хэсэг хүн цалинждаг байсан. Тэрийг байхгүй болгочихсон байна. Би буруу л гэж бодож байгаа. Энэ ч ШӨХТГ-тай ямар ч хамаагүй асуудал. Энэ 50 төгрөгийг Сайхансамбуу авч идээд байна гэж боддог юм шиг байгаа юм. Хэдэн хүн цалин аваад ажиллаж, улсад татвар өгдөг байсан. Тэр ч байхгүй боллоо. Манай хашаагаар дүүрэн 50 төгрөг хэвтэж байдаг байсан, зах руу 50 төгрөгөөр нэвтэрдэг болсноор байхгүй болгосон. 50 битгий хэл 100 төгрөгөөр ч хүн юм худалдаж авахгүй. Цаасан мөнгөө үнэгүй болгочихсон. Хүмүүс 50 төгрөг байвал нэг удаа зах руу нэг орчихно гэдэг байсан, одоо болилоо. Үүдэнд мөнгө хураадаг хүмүүс аюулгүй байдал хангадаг, гэмт хэрэгтнийг цагдаад мэдээлдэг байсан. Ер нь 50 төгрөг авдаг зах руу орохгүй гэж хэн ч хэлдэггүй. Хаях гэж байсан 50 төгрөгийг хэрэглэж байсан байхгүй юу. Хүмүүс “Нарантуул” жорлонгоосоо төдийг олдог гээд цуурдаг. Хэдэн хүн хүмүүст үйлчлээд гэр бүлээ тэжээгээд явж байна. Ардчилсан засгийн үе зах байгуулагдсан юм, ардчилсан засгийн үед байхгүй болгох гэж байгаа бол хараад л сууж байхаас өөр би яах юм. Намайг тоогоод яаж сайжруулах вэ гэвэл надад ярих юм их бий л дээ. Хотын дарга төлөвлөлт ярьж байна лээ, маш зөв. Жижиг алга дарам газар хөөцөлдөөд хэрэггүй л дээ. Гаднаас хөрөнгө татъя гэдгийг дэмжиж байгаа. Тэгж байж гэр хорооллыг Бат-Үүлийн яриад байгаа шиг сайхан болгоно. Ногоон байгууламжтай болъё гэж Иргэдийн хурлын дарга их ярьж байгаа, тэр зөв. Харин уралдаан зарлаад байх юм, тэрийг би ойлгодоггүй. Хотын дарга хүн маш том төлөвлөлт хийгээд, тэр дагуу босгосон мөнгөө Улаанбаатар хотдоо зарцуулаад гэртээ очихгүй, хувцсаа тайлахгүй ажиллах ёстой. Тэгж байж л мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Дарга ажиллаж байхад доор нь хэсэг бүлэг хүн идэж байдаг. Дарга хүн өөрөө идээд байдаггүй. Доогуур даргын нэр барьж үймүүлдэг хэсэг бүлэг хүн бий. Шинэчлэлийн засгийн газар үүн дээр анхаараасай гэж боддог. Хэсэг хүмүүсийг солилоо, сая орон нутгийн сонгуулиар Бат-Үүлийг дэмжээд саналаа өглөө. Нийслэлчүүд энэ хүнээс юм хийхийг хүсээд байна. Иргэд мөрийн хөтөлбөрийг нь дэмжээд саналаа өглөө, одоо ажиллах ёстой. Дөрвөн жилийн дараа дүгнэнэ. Төлөвлөсөн ажлаа хийчихвэл Бат-Үүлийг хэдэн жил ч хамаагүй сонгоно. Өнөөдөр Берлин хотын дарга 16 жил сонгогдож байгаа. Гомо гээд өөрийгөө зарлачихсан хүн. Сайн ажилладаг болохоор үргэлжлүүлээд сонгоод байдаг. Хотын ажил дуусна гэж байхгүй. Иргэдэд таалагдсан ажил хийх юм бол хотын даргын нэр хүнд өснө. Д.Оюунхорол, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан иргэдийг залхаачихаж

-Та хотын МАН-ын хорооны дэд дарга, орон нутгийн сонгуульд танай нам хэр амжилттай оролцсон бэ?

-Сая орон нутгийн сонгуулиар ч УИХ-ын сонгуулийн ерөнхий хандлага нь арилаагүй байна лээ. Сонгогчид хоёр хуваагдчихсан, нэг хэсэг нь ардын нам, нөгөө хэсэг нь АН-ын гишүүн. Бусад намын гишүүд гэж байдаггүй шахуу юм билээ. Дунд нь аль ч намыг дэмжихэд бэлэн хэсэг нөхөд байдаг. Энэ жил Ардчилсан намд нийтэд нь санал өгч үзэх гээд байна. Би үүнийг зөв гэж үзэж байгаа. Манай намынхан ч сургамж авах цаг болчихсон, сонгуульд ялагдаад өөртөө дүгнэлт хийгээд үзэг. Манай намд удчихсан нөхөд байр сууриа тавьж өгөхгүй юм. Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол гээд больчихмоор улс их байна л даа. Ерөөсөө болихгүй зууралдаад байх юм. АН ч бас ялгаагүй хэсэг хүн байна. Сайд томилно, хэдэн хүн суудлаа солиод сууж байдаг. Би улстөрч хүний хувьд, хувь хүнийхээ хувьд харж дүгнэж байхад АН-ынхан яг манай ардын намын арга барилаар явж байна. Лоозон байна уу байна, жаахан юм хийснээ магтаж ярьж байна уу, ярьж байна, нэг юм хийхээрээ уралдаан урамшуулал болж байна уу, байна. Гадны оронд уралдаан зарладаггүй. Манайх социализмын үед л социалист уралдаан гэж хийдэг байсан. Манай АН үүнийг нь өвлөөд авчихлаа. Дарга нарынх нь арга барил яг адилхан. Аргагүй биз дээ. Бид ойролцоо насных. Бат-Үүлтэй өөрийгөө жишье. Хоёулаа адилхан МУИС төгссөн, 10 жилийн сургалтын программ нь яг адилхан байсан. Аав ээж нь бүгд МАХН-аар явчихсан хүмүүжилтэй, бид ялгагдах юм байхгүй. Ажлын арга барил адилхан. Харин шинэ содон юм юу байна гэвэл 1,5 тэрбумын бонд зоригтой босголоо. 1,5 байтугай 5 тэрбум байсан ч яахав, юу ч биш ш дээ. Улсаа барьцаалж байгаа юм биш. Бид уул уурхайн баялагтай орон, бонд гаргаж улс орноо хөгжүүлье гэж байна. Сингапур, Өмнөд Солонгос ч ялгаагүй улсынхаа нэрийг барьж хөгжсөн. Би 5 тэрбум долларыг бага байна гэж үзэж байгаа. Бат-Үүл баатрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дор хаяж 20 тэрбум доллар хэрэгтэй. Энэ мөнгөөр иргэдийн хүсээд байгааг хийж, бүгдийг нь орон сууцтай болгож болно. Нийслэлийг баруун, зүүн, хойш нь гурван тийшээ тэлж гоё болгож болно, талбай ч байгаа. Айх юм байхгүй. Үүн дээр АН-тай би санал нэг байна. Манай намынхан бол тэгдэггүй, өр болчихно гээд байдаг. -Танай намынхан, залуучууд нь үүнийг эсэргүүцэж байсан. Ж.Энхбаяр гишүүнээс эхлээд л... -Тэр өр биш ээ. Улс л ухаантай юм бол эргүүлээд төлнө ш дээ. Яваандаа зарим нь хүчингүй болно. Улс орнууд чинь дандаа өрөө авна гээд дайраад байдаггүй. Илүүдэл болсон мөнгийг нь татаж авчирч байх л хэрэгтэй. Мөнгө босгож энэ улсыг хөгжүүлж, дутуу байгаа станц, нүүрс шингэрүүлэх асуудал, аймгуудыг замаар холбох хэрэгтэй. Хятадууд эхлээд замаа бариад, нэг хаалт босгочихоод мөнгөө төлөөд энэ замаар яв гэдэг. Тэгвэл хүн мөнгөө өгөөд л давхина. Манайхан эхлээд татвараа өг, дараа нь зам тавьж өгнө гэдэг. Тавьсан ч юмгүй, мөнгө нь хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болохоор иргэд бухимдаад байгаа. Улс 100 мянга битгий хэл 200 мянган орон сууц барих ёстой. Үүрэг нь юм чинь яах юм. Одоо зарим нь түрүүчийн засгийн газрын ажил бидэнд хамаагүй гэх юм. Тэгж болохгүй л дээ. Урдахаа битгий муу хэл, усанд унаснаа бүү шоол гэдэг цэцэн үгтэй. Баахан барьцаа тавиад орон сууцны зээлэнд хамрагдана гэсэн залуус хүнд байдалд орж байна. Байр залуу хүний ганц хүсэл мөрөөдөл байхгүй юу. Гадныхны амьдарч байгаа байр, унаж байгаа машин нь зээл. Орон сууцыг улс барьж өгөх ёстой. Эхэлж байр барьж, усан хангамж, дулааныг шийдэж өгнө, тэрийгээ дараа нь янз бүрийн хэлбэрээр удаан хугацаанд суутгаж төлүүлж авдаг байх ёстой. Үүнийг л шийдчихвэл энэ Н.Алтанхуягийн засгийн газрыг Шинэчлэлийн засгийн газар гэж нэрлэхээс өөр яах юм. Хуучин ардын намын арга барилаар явбал бүтэхгүй.  Сонгуулийн үеэр АН-ынхан Мэргэжлийн хяналтын газрыг Мэргэжлийн зөвлөгөө өгөх газар болгоно гэсэн. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг НӨАТ-аас чөлөөлнө, татвараас хөнгөлнө гэсэн яасан. Үүнийгээ ярихгүй байна. Хийх байлгүй дээ. Мэргэжлийн хяналтын газар нөгөө жаахан бизнес эрхлэгчдийг нэр томъёогоороо дарамталдаг. Мэргэжлийн зөвлөгөө өгөх газар болчихвол хүмүүс “энэ болохгүй байна, зөвлөгөө өгөөч” гээд өөрөө очно. Одоо хяналт гэсэн том нэртэй, эхэлж хянаад дараа нь “ална” шүү гээд байхаар юун тийшээ очих манатай зугтаагаад, аль болох баригдахгүй харагдахгүй явахыг бодож байна. -МАН удирдлагагүй, лидергүй боллоо, том намыг зангидаж чадахаа байлаа гэлцэх болсон. Ө.Энхтүвшин дарга намаа хэр удирдаж байна вэ? -Лидер гэж өөр гарагаас тусгай хүн ирэх юм шиг боддог. Ц.Элбэгдорж, С.Баяр, Н.Энхбаяр энэ тэр чинь 15-20 жилийн өмнө энгийн л хүмүүс байсан. Энд тэндээс ирээгүй. Нэг хүнийг албан тушаалд сонгоод тавьчих. Нэр хүнд нь автоматаар 20 хувь өсдөг. Н.Алтанхуяг дарга Ерөнхий сайд болоход эрхэлж байгаа ажил нь нэр төрийг нь ард түмний дунд автоматаар 20-25 хувь өсгөнө. Эрх барьж байгаа намын дарга хүн, тэрний 25 хувь гэж тооцоход  автоматаар 50 хувь хүрнэ. Хэдхэн зөв ажил хийчихвэл нэр хүнд нь 75 хувь хүрчихнэ. Сонгуулийн үед сурталчилгаагаа хийвэл 90 хувь хүртэл өснө. 100 хувь ч гэж байхгүй л дээ. Манайд лидергүй л гэнэ. Тэрэн шиг худлаа юм байхгүй.  Ер нь С.Баяр даргыг намын дарга болгонгуут нэр хүнд нь аяндаа өсчихсөн. Хуучин хойно Элчин сайд нэртэй хүн байсан, ЕТГ-ын дарга гээд явдаг л байсан. Намын дарга болоод, хэд ярилцлага өгөөд л, жаахан шударга юм ярьчихаар нэр хүнд нь өсөн лидер болдог. Манай нам лидерээр дутаагүй ээ. Харин тэр миний цохож нэрлэсэн хэдэн хүн хурдан зайгаа тавьж өгмөөр байна. Намд их лай болж байна. Өөрсдөө болохоор янз бүрийн хүнийг шүүмжлээд доромжлоод байдаг. Одоо Нямдоржийг “Чамайг Хууль зүйн сайд болгоё. АН-д элс” гэвэл “элсье” л гэнэ. Оюунхоролыг АН-ынхан “манай намд элсчих. Боловсролын сайд болгоё” гэвэл “элсье” л гэнэ. Тийм улс олон байгаа. Би энэ жилд дүүргийн намын үүр, хороодоор их явлаа. АН-ыг дэмждэг хэсэг байна, Ардын намыг дэмждэг хэсэг нь байж л байна. Өгдөг намдаа саналаа өгөөд, гишүүн биш улсууд нь хэний сурталчилгаа сайн байна, тийшээ өгнө. Энэ жил олонхи болсон нам байхгүй. Ойролцоо л байгаа. Зөв хүнээ гаргаад тавьчихвал болно. Манай намын дарга Ө.Энхтүвшин олон жил захиргааны ажил хийсэн туршлагатай хүн. Би сүүлд энэ Хаянхярвааг нэлээн сайн удирдагч болчих хүн юм уу даа гэж харж байна.

-Яагаад?

-Энэ хүнийг Хонгорыг хордуулсан гээд л байдаг. Хонгор суманд яваад очихоор эсрэгээрээ, Хонгорынхон Хаянхярваадаа их сайн байна. Хонгорт төмс ногоо тариад, төмс тариалалт нь бүр ихэссэн байна лээ. Тэр хордуулсан энэ тэр гэдэг дээр улс төр явчихсан, харлуулах гэсэн оролдлого юм билээ. Энэ жил дарханчууд Хаянхирвааг сонгохгүй байх нь яасан юм бэ. Ялаад гараад ирчихсэн байна. Сая орон нутгийн сонгуульд тэнд ажилласаар байгаад намаа ялуулаад гаргаад ирлээ. Хаянхярвааг би сайн зохион байгуулагч юм байна гэж ойлгосон. Идэж уусан юм байхгүй, авгай хүүхний асуудал байхгүй болохоор Хонгорын тухай ярьдаг. Хонгорыг тойроод “Гацуурт” ногоо тарьж байна. Ер нь манай намд олон сайхан залуучууд байна. Одоо энэ намын нэрийг нь унагасан, бужигнуулсан хүмүүс нь больчихмоор байгаа юм. Д.Арвингийн гарсан шалтаг нь ч тэр. Эдэнтэй чинь хэрэлдэж байсан хүн байхгүй юу. Одоо яршиг, больё гэж бодоо биз. УИХ-ын сул гишүүн шударга юм яриад ахихгүй, газар авахгүй. Үүнийг би өнгөрсөн дөрвөн жилд хатуу ойлгосон. Ардын намд саналаа өгч олонхи болголоо. Гэтэл нөгөө хэдэн хүн гарч ирээд ээлжлээд л дарга сайд, төрийн нарийн бичгийн дарга болоод байдаг. Тэрнээс ард түмэн үнэхээр залхчихсан юм билээ. Манай АН удаан ингэвэл бас л ад үзэгдэнэ. Монголчууд МАН, АН-ын гишүүн гээд хоёр хуваагдчихсан юм билээ. Ерөнхийлөгч намын гишүүнчлэлийг байхгүй болгоно гэсэн хууль санаачилж, улс төрийн бодлого болгон нэгдмэл нэг цул улс болгохгүй бол ёстой болохгүй юм билээ. Энэ жилийн сонгуулиар муухай юм болж байна, бичлэг камер оруулж, нэгийгээ тагнаж чагнаж байна. Ардын намд эрх мэдэл алга, найдах горьдох юм алга. -Баянсэлэнгийг хэлж байгаа шиг юм болно. Уг нь Баянсэлэнгэд буруу байхгүй. Монгол улсын 18 насанд хүрсэн хүн болгон УИХ-д сонгогдох эрхтэй. Баянсэлэнгэ яг тэр зарчмаар хуулийн дагуу гарч ирсэн. Хаа нэгэн газраас санал луйвардаад ч юм уу, худлаа ярьж байгаад гарч ирээгүй. Баасанхүү бас адил. Манайхан гишүүн болсон хүнээ “Урьд нь хэзээ ийм байсан юм” гэдэг. Үнэн, урьд нь УИХ-ын гишүүн байгаагүй. Одоо ороод ирлээ. Ямар ч мундаг хүн болж өөрчлөлт хийх юм билээ. Өнөөдөр Өмнөд Солонгосыг хар л даа. Аав нь дарангуйлагч гэгдэж байсан хүний хүүхэд, огт гэр бүлгүй, хүүхэдгүй эмэгтэйг сонгоод гаргаад ирлээ. Хоёр Солонгосын харилцааг зөөлрүүлэхэд эмэгтэй хүн хэрэгтэй, ядахдаа буудалцъя гээд байхгүй гэж сонгосон байх. Тийм зүйлээ мэдэрч байна. Манайд эмэгтэй хүн Ерөнхийлөгч болбол эхлээд шоолно, алмас шулмасаар нь дуудна, есөн шидээр нь доромжилж, сэтгэл санаагаар унагана. Заавал Ерөнхий сайд, УИХ-ын дарга хийж байсан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн заалт байхгүй. Ерөнхийлөгч болоод юу хийх юм бэ гэдэг мөрийн хөтөлбөр хэрэгтэй болохоос биш өөр юу хэрэгтэй юм бэ. Солонгосын ерөнхийлөгч эмэгтэй “би ерөнхийлөгч болмоор байна” гэсээр байгаад болчихлоо. Иргэд нь “Та ерөнхийлөгч болоод юу хийх юм бэ?” гэж асуухаар “Би ийм тийм юм хийнэ” гэж сайн хэлж байна. Гэтэл манай нэр дэвшигчид яаж хийх аргачлалаа танилцуулдаггүй. “Нэг өглөө босоход та нарыг үлгэрийн ордонд суулгана” гээд л амлаад, “Та яаж хийх вэ?” гэхээр тайлбарлаж мэддэггүй. Ер нь манай УИХ-ын гишүүд дотор инээдэмтэй улс их бий л дээ. Тийм хүнийг манайхан эргүүлээд сонгож л орхидог. АН олон лидертэй, манайх лидергүй байна гэсэн юм огт байхгүй. Удирдаж байгаа улсын унхиагүй хувиа хичээсэн байдал, хүмүүсийг залхааж уйдаасан асуудлаасаа болж, манайхан өөрсдөөсөө болоод байгаа болохоос биш АН муу хэлсээр байгаад унагаачихсан юм биш. Бид алдаагаа, буруутнаа гаднаас хайж донгосч суухын оронд түрүүний нэрлэдэг хэсэг нөхөд больж зайгаа тавих хэрэгтэй. Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан энэ тэрд би намын хуралдаа очиж суухаараа хэлье гэж бодож байгаа. Би ч хэлж байгаа юм биш. Олон жирийн гишүүд хэлж байна. “Намын нэр хүндийг унагаад байгаа энэ хүмүүсийг болиулаад өгөөч, яавал болих бол, бид тэр их хуралд чинь сууж үгээ хэлж чадахгүй болохоороо хэнд хандахаа мэдэхгүй юм. Та нар хэлээд тэр гурвыг болиулаад өгөөч” гээд байдаг. Хүмүүс бүр гомдчихсон, тэд хүмүүсийг залхаачихсан юм билээ. Манай намаас шинэ хүмүүс гараад ирвэл арай өөрөөр хүлээж авах юм билээ. Буруугаа хүлээхгүй энэ чигээрээ явж байгаад намаа устгах гээд байгаа бол тэр л биз. АН дангаараа үлдэнэ биз. Хэдэн хүнээс болоод нам алга болчихвол харамсалтай. Манай нам том, түүхэнд үлдэнэ, нэр төр нь ч байна. Харин намыг баллаж байгаа хэсэг улс байна. Баллаж байгаа хүмүүсээ холдуулж, өөр залуучуудыг гаргаад, программаа зөв гаргаж ирээд, ард түмэндээ зөв ойлголт өгвөл ялаад гараад ирнэ ш дээ. Хэн байг гэх юм. АН 22 жил тэмцсээр байгаад олонхи болж байна. Манай намын гишүүд дэмжигчид байгаа. Даанч тэднийхээ саналыг авч чадахаа байчихсан. АН-ын нийт дэмжигчдийн тоо манай намынхаас арай цөөн. Манай намынхан энэ хэдийг ингээд унагаагаад өгвөл манай нөгөө хэдэн хүн алга болж магадгүй гэж АН-д санал өгсөн. Үүнийгээ ч ил тод хэлж байна лээ. Намынхаа үүрт очоод гишүүдтэй очоод уулзахаар үнэхээр гол харламаар юм ярьж байгаа. Даанч яав даа гэж байна. Манай улстөрчид бодох хэрэгтэй. -Энэ 76 дотор их том том юм ярьж орсон улс бий. Байхгүй боллоо. Би тэр Г.Уянгаад мөн ч их итгэж байсан даа. Д.Батцогт гээд нөхөр байна. Яахав Ж.Батзандан ярьж л байх шиг байна. Хөөрхий нэг жилийн дараа чимээгүй болно, дараад авдаг байхгүй юу. Уусгаад байхгүй болгодог. Парламентад 20 хэдэн хүн л шийддэг, 50 нь ямар ч хэрэггүй. Бүлгийн хурал дээр, чуулган дээр үг хэлэхэд тоохгүй, саран дээрээс нохой хуцаж байгаа аятай хүлээж авдаг. Харин ч саран дээр нохой хуцвал ямар сонин юм бэ, саран дээр нохой хуцаж байна гэнэ дээ. Тэнд ямар ч нөлөө байхгүй. Р.Бурмаа, Батчимэг, Ц.Оюунгэрэл энэ тэр одоо амаа жимийгээд чимээ ч үгүй боллоо. Юу ч ярихгүй юм. Манай хэд ч чимээгүй байна. Үг хэлэхээр “Чи тийм юмтай шүү. Тэрийг чинь босгоно” гээд нам болгож байна. Айх юмтай улс төр үхсэнийхээ улс төр ярьдаг юм. Үнэхээр МАН, Ганбаатарын хэлдгээр эрс шинэчлэлт хийхгүй бол болохгүй. Одоо ч эрс шинэчлэлт ч “мода”-ноос гарчихлаа. Зүг баримжаагаа зөв тогтоож сонгогч олон түмэнтэйгээ ажиллах юм билээ. Ойртож ажилладаггүй, сонгууль дөхөөд ирэхээр баахан худлаа юм ярьдаг. Нөгөөдүүл нь горьдоод урьдахаа мартчихсан нээрээн л тэгж магадгүй гээд санал өгдөг, тэгээд байхгүй. Хааяа камер харахаараа ард түмэн гээд ярьдаг, зарим нь бүр уйлах юм. “Миний ард түмэн” гээд уйлж байсан хүн бий ш дээ. Нэрийг нь зарлаад яахав дээ. Тэгж худлаа жүжиглэж байхаар хийх ажлаа сайхан дугаарлаад, хэрэгжүүлэх арга замаа зөв олоод хийвэл болно доо.

                              Гэрийн хорионд байлгах хуультай болох хэрэгтэй

-Экс ерөнхийлөгчийг хоёрдугаар эмнэлгээс авч явсныг  иргэд янз бүрээр хүлээж авч байна. Та юу гэж үзэж байна вэ?

Уг нь хуулийн байгууллага дуудах эрхтэй. Ирэхгүй бол албадан авчирдаг юм. Эхлээд тэд “Та нааш ир” гээд дууддаг. Очихоор 72 цаг хорьдог юм. Болохгүй бол 14 хоног суулгана. Шүүх прокурор нь хянаад сууж байгаа. Үргэлжлүүлэх шаардлагатай бол сар суулгана. Тэгээд гарч ирнэ. Тэгсэн хүн зөндөө байгаа. Очоод тайлбараа өгөөд, юмаа яриад явсан бол ингээ ч үү, үгүй ч үү.  Хүмүүс өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж байна. Би шүүх цагдаад мөн ч олон жил дуудагдаж байгаа хүн. Нэг ч удаа зугтааж үзээгүй. Очоод байцаалтаа өгөөд, тайлбараа өгөөд явна. Адгийн зарга 10 хоногтой гээд явнаа, явна. Тэгж байгаад шийдэгддэг. Одоо дуудах үед нь хэн ч байсан очих л ёстой. Бие нь муу байгаа нь харагдаж байна лээ. Том дарга байж дандаа хүндэтгүүлж явсан хүн сэтгэл санааны хямралд амархан орно. Мань мэт бол тоохгүй л дээ. Хоёр гурван сар болоход тэндээ дасаад, нөгөө хэдэн хамт хэвтэж байгаа хүнтэйгээ өдөр шөнөгүй ярьж байтал нэг мэдэхэд гарах болчихсон байдаг юм. Том дарга нарын хувьд уг нь гэрийн хорио гэж сайхан юм бий. Манайд хууль нь алга л даа. Тэгш эрхтэй байна гэдгээрээ заавал тэр хүнийг Мөрдөн байцаах газар аваачиж байцаах гээд яах юм, гэрт нь л хорьчих хэрэгтэй юм билээ. Цагдаа очоод гадна талд нь police гэсэн туузаа татчих. Тэр лүү хүн нэвтрэхгүй, мөрдөн байцаагч нь ирээд байцаалтаа авч болно. Тэр хүнийг заавал эрүүгийн гэмт хэрэг хийчихсэн хүнтэй холилдуулж, сэтгэл санаагаар унагааж хэрэггүй. Хойшид яг ийм төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүнээ энгийн мань мэтээс арай ялгавартай үзээд гэрийн хорионд хийх хуультай болох хэрэгтэй. Тэд Монгол улсын төлөө тодорхой юм хийчихсэн хүн, огт юм хийж бүтээгээгүй юм биш. Бирмийн ерөнхийлөгч эмэгтэй 20 жил гэрийн хорионд байсан. Хэзээ нэгэн цагт сулраад гараад ирж байгаа биз дээ. Манайх 20 нь ч юу юм, ганц нэг жил гэрийн хорионд байлгаж болно ш дээ. Гэрийн хорионд байхад сонин сэтгүүлээ уншдаг, хоолоо хийгээд идчихдэг, гадаа гараад зогсчихдог, “Та үүнээс цааш явж болохгүй шүү” гээд хязгаарлачихдаг. Манайх тийм хуультай болмоор юм байна. Монголчууд их өрөвчхөн улс, Энхбаяр даргыг дамжлаад явж байгааг харахаараа өрөвдөөд, уйлалдаад “Зориуд ингэж байна” гээд өмөөрөөд эхэлдэг. Нөгөөдүүл нь, хуулийнхан ч монголчуудын энэ сэтгэл зүйг нь ойлгохгүй, тэгш эрхтэй гээд л зулгаагаад авч яваад улам бужигнуулчихдаг. Гэрийн хорионд байлгах хуулийн бололцоог бүрдүүлж өгөх хэрэгтэй. Дараа нь хэнд ч ийм юм тохиолдож болно. Ганц Энхбаяр даргаар дуусчихгүй. Өөр ямар ч том хэрэг, юу ч үүсэх юм билээ. Тийм учраас тэр гэрийн хорио том улстөрчдөд байх л асуудал. Би тэгж л ойлгодог. Хэрэг хийсэн ч байж болно, хийгээгүй ч байж болно. Монгол улс энэ хэдхэн даргаар дуусчих биш, мөнх оршин тогтнож л таараа, хойтох улсад нь хэрэгтэй л байх.

-Энэ парламентын гишүүдийн чанар чансаа өмнөхөөсөө арай муудаж гэдэгтэй санал нийлэх үү?

-Санал нийлнээ. Муу харагдаж байна лээ. Хүмүүс ярьж байна, ялангуяа сэтгүүлчид утасдаж ярьж байна. “Танаас яриа авъя” гээд л их олон сэтгүүлч ярьж байна. “Цаад ордонд байгаа дарга нараасаа яриа ав” гэхээр “Ордонд орохоос дургүй хүрч байна. Хуучин 2008-2012 оны гишүүд сонирхолтой өнцгөөс үг хэлдэг, ярьдаг байжээ. Хуучин хүмүүс биш болжээ. Албан тушаал аваад чимээгүй болчихлоо. Үг дуугарахаа больчихлоо” гэж байна. Би төрийн ордноор ороогүй, ороод ч юугаа хийх вэ. Сонгогдсон улс нь ажлаа хийнэ биз. Иргэн хүн чинь төр засагт болж байгаа мэдээллийг сонсоно. Тэнд байсан хүн чинь хэн нь худлаа ярьж байгааг мэднэ. Хуучин хүнээ энэ нэг иймэрхүү үг хэлнэ гэхээр яг л тэрийгээ хэлж байгаа юм чинь. Шинэ орсон улсууд олигтой ярихгүй юм. Би тэнд байхдаа нам доторх шүүмжлэл сайн өрнүүлсэн. Би АН руу дайраад байдаг хүн биш. Нам  дотроо үзээд байсан, тэгээд ч арга хэмжээгээ авахуулсан, Бага хурал дээрээ бүгдээрээ сайхан нийлж байгаад, хуучин аргаараа намайг нэр дэвшүүлэхгүй унагасан. Тэгэхэд би ерөнхийлөгчтэй телевизээр ярилцлагад орж байсан. “Унагах гээд байна шүү, өөрөө ирээч ээ” гэж байсан. Би яршиг гээд орхисон. Намайг зориуд унагасан л даа. Завханаас зориуд хөндийрүүлж байгаа. Гэхдээ би тариагаа тарьж байгаа. Одоо гарсан нөхөд нь хэзээ ч над шиг хувиасаа хөрөнгө гаргаад, чин сэтгэлээсээ юм хийнэ гэж байхгүй. УИХ-д шударга юм ярихаар маш амархан үнсэн товорго болгодог. Одоо ИЗН-ын Дэмбэрэл маш эгзэгтэй чухал асуудал яриад байгаа. С.Ганбаатар гайгүй ч Оюутолгой руу хэт улайраад бусад асуудлаа анхаарахгүй байна. Ж.Батзандан хааяа дуугарч байна. Ж.Батзандан нам доторх болохгүй юмаа ил тод тавьж шүүмжилж чаддаг. Улстөрч хүн тийм л байх хэрэгтэй. Тэрнээс биш өөр намын даргыг шүүмжилж рейтингээ өсгөдөг, тэгж улс төр хийдэг хүн хэрэггүй. -Танай намын “хунтайж”-ууд бүр сураггүй, Н.Номтойбаяр, О.Содбилэг энэ тэр бүр таг дуугүй байх юм. Залуу хүмүүст итгэл хүлээлгэж сонгосон байх. -Тэднийг зөв замнал, зөв голдрилд нь оруулж өгдөг хүн алга. Дандаа л муу юм, муухай юм зааж өгнө. Дандаа ард түмэнд гологдчихсон хэсэг нөхөд байна. Тэдний үгээр явбал хэн ч биш болоод хэдэн жилийн дараа дахиад л муулуулна. Ер нь өөрийнхөөрөө явах хэрэгтэй. Өөрийнхөөрөө явж, өөрийнхөө үзэл бодлыг хурц гаргаж ирээд, өөрийнхөө нам дотор байгаа болохгүй юмыг сайн уудалж гаргах хэрэгтэй. Өрөөлийн намд болж байгаа юмыг мянга яриад хэрэг байхгүй. Тэртээ тэргүй нам намуудаа дүгнэдэггүй. Намыг ганц дүгнэдэг юм чинь иргэд, олон түмэн. Иргэд олон түмэндээ өөрийнхөө үзэл бодлыг сайн илэрхийлж, танилцуулж сурах хэрэгтэй. Тэгэхгүй ингэж хуйвалдаж, ингэж нэгийгээ дарж унагааж авдаг юм байна, ингэж цааш нь харуулдаг юм байна гэж сурах юм бол ямар юмных нь улстөрч болдог юм. О.Содбилэг, Н.Номтойбаяр хоёр олигтой юм ярихгүй юм, чуулган дээр үг хэлж байхыг нь харсангүй. Манай Б.Бат-Эрдэнэ аварга нөгөө Оюутолгой, урт нэртэй хууль хоёроо ярьдаг. Тэрийгээ л ярьсан хэвээрээ. Тэр ч хэрэгжээд явж байгаа ажил л даа. Дандаа ярьсаар байгаад улиг болчихлоо доо. Ж.Энхбаяр, С.Бямбацогт огт дуугарахаа болилоо. Д.Оюунхорол ч дуугарахгүй л дээ. Нөгөө Балдан нь матаад, АТГ өгөөд, нөгөөдхийг чинь айлгаад дараад авсан. Аягүй бол удахгүй АН-д элсэнэ гэх байлгүй. Тэр чинь одоо “Элбэгдоржид баяр хүргэе, талархлаа илэрхийлье” гэж яриад зурагтаар гараад байна лээ. Гэмт хэрэг хийсэн хүн чинь өөр яах юм бэ. Би Д.Оюунхоролыг удахгүй АН-д элсэх байх гэж бодож байгаа. Магадгүй шүү. Тэгэхгүй бол байдал хүндэрнэ дээ.

-Д.Арвин гишүүн намаасаа гараад Ардчилсан нам руу орчихлоо. Үүнийг та юу гэж үзэж байгаа вэ?

-

Хуулийн зохицуулалт байхгүй юм чинь гарч орж байна л даа. Аль намдаа байх нь асуудал биш ш дээ. Ардын намд Арвин байсан ч яалаа, байгаагүй ч яалаа. АН ч гэсэн Арвин гэдэг хүнээр дутаад байна гэж байхгүй. АН элсье гэсэн ямар ч хүнийг эгнээндээ авчихдаг шүү дээ. Энэ намд намаа татан буулгаад элссэн хүмүүс зөндөө бий. Ер нь Арвингийн хувьд нам сольсноороо улс төрөөс гарч байгаагаа нотолсон хэрэг болов уу. Өөрөө сайд болохгүй гэдгээ тангараглая гээд л байна лээ. Сайд болгох ч үгүй, АН-ынхан. Ирэх дөрвөн жилд ардын намд хэн ч биш байсанд орвол АН-д орж хувийн аар саар ажил юу байдаг юм, тэрийгээ хийж аваад болих минь гэж бодсон байх. Дахиж нэр дэвшээд гарах ч үгүй. Төр барьж байгаа намд орж, гурван жил хагасын хугацааг өнгөрөөе гэж бодож байна шүү дээ. Тийм л дүр зураг харагдаж байна. Хуучин ардын намдаа байхдаа “Ардчилсан намынхан муусайн хулгайчид, дээрэмчид…” гээд ярьдаг л байсан. Урьд бүлгийн хурал дээр АН буруу зөрүү байна гэдэг л байсан. Одоо болохоор зорилго нэг гээд сууж байна. Яахаараа зорилго нь нэг болчихдог юм. Ер нь их л эвгүй харагддаг юм байна. Ганц Арвин ч биш. Арвингийн араас АН-д элсэх хүн манайд байгаа л байх. Яг хувийн сонирхолтой улс ингэдэг байхгүй юу. Улсын төлөө байгаа юм бол нам солих хэрэг байхгүй ш дээ. Харин ч муу муухай юм байгаа юм бол дунд нь байж байгаад цэгцлээд өгөхгүй яасан юм. АН-д дөрвөн жилийн өмнө элсэх нь яасан юм. Арвин туньсан маягаар ярьж байна лээ. “Намайг яаж байна, ийж байна гэж асуугаагүй” ч гэх шиг. Нам нэрээ дэвшүүл гээд эрхийг нь өглөө, тэрнээс илүү яах байсан юм.

-Арвин гишүүнийг АН руу явахад АН-ынхан Ардын нам ялзарсан болохоор тэр гэж байна. Арвинг намаасаа гарахад танай намын гишүүд “Дулмаа минь бодогдоод” гэдэг шиг дорой үг хэлэх юм?

-Арвин явсан, тэр үед Ардын нам гэж юу байлаа, алт мөнгө ч гэж юу байлаа гэдэг шиг. Тэр “Өглөө” кинон дээр гардаг явдал одоо болоод байгаа юм. АН-ынхан Арвин ирлээ гээд баярлаад, тал засаад суудал тавьж өгөхгүй нь ойлгомжтой. Тэр олон боловсон хүчинтэй болсон нам. Тэр хүн л өөрөө учиргүй тайлбарлаад л, том юм ярих юм. Зарим хүний өмнөөс би ичдэг юм. Тэр тайлбарлаж ярьж байгааг нь хараад. Тэртээ тэргүй ард түмэн мэдэж байгаа. Энэ намаас УИХ-д 3-4 удаа сонгогдсон, АН-ынхныг үзэж чаддаггүй л хүн байсан. Тэгсэн чинь одоо үзэл бодол нь нэг болчихсон л гэнэ, инээдэмтэй юм, зүгээр л улс төрийн шог гараа.  Би МАХН-ын гишүүн байсан ч 1990 онд ардчилсан холбоонд элсэж байсан. Ардчилсан холбоонд нам харгалзахгүй үйл ажиллагааг нь дэмждэг хүн үзэл бодлоороо ордог байсан юм. Намаа солиод байх их муухай харагддаг. Би тэнд дөрвөн жил байхдаа Н.Батбаяр, Д.Ганхуяг, З.Энхболд, Х.Баттулга гээд АН-ын олон хүнтэй бараг дийлэнхтэй нь үзэл бодол нийлдэг. Би “Өө миний үзэл бодолтой нэг юм байна” гэж болох л байсан. Би тэр Арвинг нам сольсныг тоох ч үгүй байгаа. Сүйд болоод байх ч юм биш. Өөрийн бодол өөртөө зөв. Энэ хүн цаашдаа улс төр хөөхгүй ээ гэж байгаа юм байна гэж ойлгосон. Уг нь улс төр хийж яваа улс маш хүлээцтэй, тэвчээртэй байх хэрэгтэй, удаан үргэлжилдэг, үр дүн нь гардаг ажил ш дээ. Шууд санасандаа хүрнэ гэж байхгүй. Бразилийн эмэгтэй ерөнхийлөгч улс төрийн хэргээр зургаан жил шоронд суусан хүн. Солонгос, Тайвань, Тайландад унаж босоод, орон шоронд ороод олон жил болсон улстөрч зөндөө байна. Зүгээр нэг овлигогүй хүн хийдэг ажил ч биш шиг байгаа юм. Ард түмэнд өөрийгөө зөв таниулж байж байр сууриа бэхжүүлдэг. Гарч орсон нь яахав. Одоо манай нам дотооддоо сайн ажиллах хэрэгтэй. Дээр үед манай намд дотоод шүүмжлэл гэж байдаг байсан. Өөрсдийгөө сайн шүүмжилж, өөрсдийнхөө бурууг олж харъя, өөрийгөө засъя. Энэ улсад хийх юм байна. Манайх их хурлаа хийх болчихсон, их хурлаараа намын даргаа баталгаажуулах ёстой. Залуучууд их хурлаа хийнэ гэж яриад байна лээ. Зөв л дөө, ярьж хийж байж зөв буруугаа ойлголцохгүй бол нэг хоёроороо өөр нам руу элссээр байтал нэр хүнд нь унаж байна. МАН асар том шинэчлэл хийж, бодлого явуулах хэрэгтэй. Иргэдийн үгийг сонсож байна. Тэр шүүмжлүүлээд байгаа хүмүүс нэгийг бодмоор байна. Би ч нэрлээд байгаа юм биш, иргэд хэлээд байна. Намайг энэ муу УИХ-д сонгогдоогүй хонзогноод ийм юм ярьж байна гэж магадгүй. Гэхдээ зөв ойлгодог хүмүүс нээрээн бид болохоо байчихаад байгаа юм байна гэж ойлгомоор юм. Асуудал бидэнд байна, өөрсдийгөө засъя. Хүн хэзээ ч ийм буруу юм хийлээ гэж боддоггүй. Өөр хүнийг бол амархан таньж шүүмжилж байгаа юм аа.  

www.alim.mn 2013 он


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ