alim.mn | 2024.12.23
А.Сүхбалт буюу “Дипломат-95”-ын байрнаас жолоочийнхоо нэрээр орон сууц авсан дарга нарын хэргээс...

Төрд хуучнаар “Дипломат-95” буюу түрээсийн 90 хувийн дүүргэлттэй, жилийн 3,5 тэрбум төгрөгийн орлого оруулдаг байр байсныг Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд, Б.Болорыг Сангийн сайд, Л,Пүрэвсүрэнг ГХХ-ийн сайд байхад буюу 2016 оны зун “АСЕМ” –ийн дуулианаар хувьчлаад дууссан. “Дипломат-95” гэдэг нь 95 байртайгаас үүдэлтэй нэр. Үүнээс 80 нь орон сууцны зориулалттай 2-5 өрөө байр байдаг. Эдгээр байрнаас 60-ыг нь ГХЯ, Сангийн яам, үлдсэн 20-ыг нь Дипломат байгууллага үйлчилгээ аж ахуйн газар авсан. Тухайн үед байр авах жагсаалтанд багтах эрх 5000 долларт хүрч байсан гэх шуугиан дэгдэж байсан. ГХЯ-наас нийтдээ 11 элчин сайд, 24 захирал дарга, 16 зөвлөх,консул болон нэгхэн үйлчлэгч, 2-3 жолооч л байр авсан гэдэг. Тэдгээр дарга нарын нэг нь тухайн үед Дипломат байгууллага үйлчилгээ аж ахуйн газрын дэд захирлаар ажиллаж байсан, одоо Шведед суух ЭСЯ-ны жолооч ажилтай А.Сүхбалт юм. Экс дэд захирал албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн жолоочоор ажиллаж байсан Ц.Э-ын нэрээр гурван өрөө байрыг хувьчилж аван улсад 157,1 сая төгрөгний хохирол учруулсан хэрэгтээ нийтийн албанд томилогдох эрхээ хоёр жилээр хасуулж 10 сая төгрөгөөр торгуулжээ. “Дипломат-95” байрны хувьчлал болох үед дэд захирал ажилд ороод сар гаруй болж байжээ. Хэдий өндөр албан тушаал хашдагч ч ажилласан жил хүрсэнгүй. Харин жолооч нь ГХЯ-ны салбард 7-8 жил ажилласан байсан. Сангийн сайд Ч.Болорын тушаалаар хувьчлалын ажлын хэсэг гарч тухайн үеийн ДБҮААГ-ын дарга О.Заяамандах орсон. Энэ газрынхан ч өөрийн ажлын хэсгээ албан бусаар байгуулжээ. Үүнд дарга, дэд захирал, ерөнхий менежер Бадрах, санхүүгийн албаны дарга багтсан. Тэд ДБҮААГ-аас байрны хувьчлалд хамрагдах ажилтнуудын тодруулах юм болов. Ажлын хэсэгт ерөнхий менежер голлож байсан тул дэд захиралтан түүнд хэлээд жолоочоо  яам руу явах 20 “азтаны” нэрсийн жагсаалтанд оруулжээ.  Жолоочдоо үүрэг өгч байр хүссэн өргөдөл бичүүлж хавсаргасан. Сангийн яам, ГХЯ байрны хувьчлалыг маш хурдан хийсэн. Ц.Элбэгдоржийн гадаад бодлогын зөвлөх А.Баттөр ч их эргэлдсэн.  Удалгүй жолоочийн нэр дээр байрны батламж гарахад дэд захирал өөрөө авчээ. Энэ батламжаараа мөн л жолоочийнхоо нэр дээр 2017 онд байрны ордер гаргуулсан. Одоо ордерд итгэмжлэл хийлгэж авах ажил үлдсэн ч энэ нэлээд “бэрхшээлтэй” тулжээ. Тухайн үед жолооч нь гадаад томилолт аваад Австрийн Венад суух Монголын ЭСЯ руу явжээ. Дэд захирал утас цохиж байрны ордерийн итгэмжлэл хийж өгөхийг үүрэгдэхэд жолооч нь “би байр аваагүй, та ер нь намайг юунд хутгаад байна вэ” хэмээн татгалзжээ. Ингээд дарга цэрэг хоёр түр тар хийжээ. Гэсэн ч жолооч арга буюу өөрийн нэр дээрхи “Дипломат-95”-ын байрыг захиран зарцуулах итгэмжлэл хийж явуулсан. Хажуугаар нь эгчийнхээ нэр дээр бас хийсэн тул хоёр итгэмжлэл  халз мөргөлджээ. Дэд захирал тэр даруй утас цохиж жолоочоо бас эгчийг нь ажилгүй болгоно гэсэн тул эгчийнхээ итгэмжлэлийг цуцлаад экс даргадаа ахин шинээр хийж өгсөн. Дэд захирал байраа эхнэрийнхээ дүүгийн нэр дээр шилжүүлжээ.  Түүнээс дэд захирал өөрийн нэр дээр авсан. Зарах гэтэл байр нь хөгцөрсөн гээд борлогдсонгүй. Эцэст нь “Орхоны шугуй” компанийн  барьж байгаа байрнаас авахаар болж өгч сая нэг юм салжээ. 2016 онд засаг солигдоход “Диломат-95” байрны хувчьлалын маапаан сөхөгдсөн ч ГХ-ийн сайд болсон Ц.Мөнх-Оргил яагаад ч юм хүчлээгүй. Гэхдээ л хэрэг АТГ руу очсон байсан. Энэ үед байр авагсадыг асууж байцааж эхэлсэн. Дэд захирал жолооч руугаа залгаж хэрвээ АТГ дуудвал өөрийн байр гэж хэлэхийг сануулжээ. Жолооч хариуд нь уурлаж үнэнийг хэлнэ гэж айлгасан. Гэхдээ л түвдсэнгүй. Учир нь А.Сүхбалтын хүргэн Баттүшиг тухайн үед ГХЯ-ны ТЗУГ-ын дэд захирлаар ажиллаж байсан гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ