alim.mn | 2024.12.22
Монголд 15-25 жилээр тогтвортой боддог, намын даргад таалагдах, сонгуулиар шоудах гэж гоё цаас бичдэггүй, сэтгэдэг тархи хэрэгтэй

-Та 2012 оны сонгуулиар УИХ-д нэр дэвшилгүй үлдсэн, намын жагсаалтаас ч сайн дураараа татгалзаад чуулганы танхимыг орхисон хүн. Тангараг өргөсөн чуулганы танхимаасаа гараад жил гаруй боллоо. Юу хийж явна?

-Улс төрөөс өөр ажил хийж явна. Улс төрд зургаан жил явлаа. 2008 оны сонгуулиас жилийн өмнө би намын гишүүн ч байгаагүй. Гэтэл одоо хоёр ч удаа намын дарга болж, УИХ-ын гишүүний үүрэг гүйцэтгэж ажиллаа. Урьд нь бол төрийн ажил олон жил хийсэн дээ, мөн хувийн бизнес байгуулж, олон нийтийн ажил ч хийж явсан. Яагаад 2012 оны сонгуульд ороогүй юм бэ гэвэл ерөнхийдөө хоёр шалтгаантай. Нэг нь өнөөгийн улс төрийн намын тогтолцоо, ялангуяа сонгуульд нэр дэвших хүнийг намдаа төлсөн мөнгөөр нь эрэмбэлдэг дүрмээр би явахгүй ээ гэсэн. Нам дотроо санал зөрөлдөөд, намын удирдлагын олонх маань мөнгөний дүрмийг дэмжсэн тулд би тэдэнтэй зам нийлэхгүй ээ гэсэн. Энэ бол намын дотор болсон асуудал. Нөгөө нь Монголын өнөөдрийн нийгэм, улс төрийн тасралтгүй хямрал нь улс төрийн намуудын  өнөөгийн тоглоомын хүрээнд шийдэгдэхгүй юм байна гэдгийг олж харсан. Магадгүй би дутуу харж байж ч болно. Гарч байгаа энэ бүх хямрал бол зөвхөн улс төрийн хэдэн намын ээлжлэн төрийн эрхэнд гарах асуудал биш, харин системийн гүн задрал, дотоод ялзрал, сэтгэлгээ, итгэл үнэмшлийн хоосрол  юм байна гэж би харж байна. Ийм гүнзгий хямралыг өдөр тутмын түймэр унтраасан, дөрвөн жилийн настай улс төрийн уралдааны хүрээнд, шоу маягаар аргалж, цаг аргацаасан популист амлалтуудаар шийдэхгүй юм байна гэж дүгнэсэн. Ер нь УИХ-ын олон  гишүүн сонгогдсон эхний жилээ юм ойлгохгүй, дуулианаар явдаг юм, дараагийн хоёр жилдээ болгож чадах нэг нь болгоод, сүүлийн жилдээ сонгуульдаа бэлдээд шоундаа анхаараад өнгөрнө. Үндсэндээ гайгүйхэн ажиллах хоёр жилдээ бүлэглэлүүдийнхээ эрх ашгийг бие биендээ тулгаж наймаалцсаар байгаад улс орны нийтлэг эрх ашиг,  урт хугацааны бодлого зэргийг ор тас орхидог. ЗГ ч үүнтэй адил байдалтай. Тэгээд сонгууль болж бүх наймаа шинээр эхэлнэ. Тэгэхээр нам дагасан ийм дөрвөн жилийн цикл амьдралтай хэт улс төржсөн бүтцүүд нь үндэсний эрх ашгийг намын эрх ашиг, сонгуулийнхаа өмнө тавьж боддоггүй. Одоо Монголд 15-25 жилээр тогтвортой боддог, ядахдаа улс төр солигдсон ч өмнөх шийдвэр энэ тэрээ санаж байдаг байнгын ажиллагаатай, намын дарга нарт таалагдах гэж, сонгуулиар шоудах гэж гоё цаас бичдэггүй, гадныхны аманд орчихгүй сэтгэдэг ой тархи байх хэрэгтэй байна. Ийм тархи бол төрийн гүйцэтгэх ажил бас огт биш байх ёстой. Өөрөөр хэлбэл МУ-д намын жижиг сонирхол, улс төр, эрх мэдлийн уралдаанаас гадна тархи толгой хэрэгтэй юм байна. Үүнийг л бий болгох хэрэгтэй юм байна гэж ойлгосон, тэгээд энэ зүг рүү ажиллавал гэж харж байна. Энэ бол зөвхөн хэсэгхэн хүний, эсвэл нэг намын хүрээнд хийчих ч ажил биш л дээ. Үүнийг улс төрийн бүлэглээсээ давж харвал бид хийж чадна. Ер нь өнөөгийн манай намууд бол голдуу хувийн амьдралаа залгуулахын тулд, эсвэл том машин, том хөөрөг, хурдан морьтой болчихоод одоо гишүүн болчихъё, тэндэр, лиценз олоод авья гэж намд орсон хүмүүс бужигнасан тойрог шүү дээ. Энэ тойргийн гадна гарах хэрэгтэй болсон доо. Миний алдах онох нь дараагийн жижиг асуудал, ямар ч гэсэн нэг ийм санаагаа бодоод, яриад, санал солилцоод явж байна.

-Та яг өнөөгийн улс төрийг юу гэж харж байна?

-Монголчууд бид юу хүсч байгаагаа, хамтын эрх ашгаа олж харж чадахгүй байна. Бид талцаад зөвхөн өөр өөрийн жижиг бүлгийн эрх ашгийг ярьсаар цагийг барсаар байна. Бид Орос, Хятад, Америк гээд том том юм яриад л байдаг. Тэдний эрх ашгийг ярьдаг, таадаг. Мэдээж тэдний эрх ашгийг тооцолгүй яахав. Гэхдээ хамгийн эхлээд бид өөрийнхөө үндэсний эрх ашгийг тов тодорхой томьёолж, зөвхөн тэр өнцгөөсөө бусадтай харьцах ёстой биз дээ. Чухам Монголын эрх ашиг нь аль нь юм бэ гэдэг дээр тохироогүй байж гадныхантай ярилцаад, наймаалцаад, зарим нэг нь бүр далд тохироод ч байна уу, түүнээсээ буцаж, будилсаар л байна. Гэтэл манайхаас арав, зуу дахин том төслүүдийг бусад улс орнууд тогтсон тодорхой технологиор судлаад, системтэй хэлэлцээд, шатлан баталгаажуулаад явдаг. Харин манайд бол сонгуульд ялсан нь бушуухан авч давхиад, жижигхээн ашгийг өөртөө түрүүлж унагах гээд явсаар бүр бантагнуулах явдал улам ихэссээр байна. Ганцхан жишээ хэлье. Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч бол Хятад, харин дэлхийн хамгийн том нүүрсний орд бол Тавантолгой.  Бид ийм том боломжийг ашиглаж чадахгүй 10 гаруй жил шуугилаа шүү дээ. Мөнгө байхгүйдээ ч биш, бид нүүрсээ өгнөө гээд хангалттай мөнгө аваад үрчихсэн байдаг. Засаг барьж ирсэн хүмүүсийн маань чадавхи тийм муу юм уу, эсвэл тэд үүнийг хийхийг нэг их хүсэхгүй, өөр тоглоом тоглоод байна уу. Өнөөдөр “Нарантуул” дээр очоод дээрх боломжийг яаж ашиглах вэ гээд наймаа хийж бизнес ойлгодог хэнээс ч асуусан шийдлийг бараг шууд хэлнэ дээ. Ерөнхий чиг ойлгомжтой үед шинжлэх ухаан, мэдлэгт тулгуурлаж шийдвэр гаргадаг. Түүнээс биш хэн нэгний эрх мэдлийг дагаж биш. Эрүүл төрийн шийдвэр бол зөвхөн үндэсний эрх ашиг, нийгмийн үнэт зүйлс, тулгуур зарчмаа дагадаг.

-Тэрийг хойшоо тавина гээд зүтгээд байгаа улстөрч бий. Нэр хүндтэй улстөрч, төрийн сайд хүн шүү дээ.  

-Орос улсад юу хэрэгтэй гэдгийг, Хятадад ч юу хэрэгтэй гэдгийг бид гадарлаж байна. Харин асуулт бол тэгээд Монголын эрх ашиг чухам хаана нь байгаа юм бэ? Үүнд хэн ч тодорхой хариулахгүй байна. Өөрөөр хэлбэл өргөн төмөр зам тавиад Оросын төмөр замтай холбоод бүх юм өөрөөр нь дамжихыг ОХУ хүсэж байгаа. Орос бол манай сайн хөрш, стратегийн том түнш. Хятад манай түүхий эдийг бараг 100 хувь худалдаж авдаг, Тавантолгойг бараг Хятадаас  өөр авах газар байхгүй, хятадад нүүрс маш их хэрэгтэй. Харин монголчуудын 21дүгээр зууны эрх ашиг, цааш явах дүр зураг юу юм бэ, тэнд төмөр зам нь ямар байх ёстой юм бэ гэдгийг хэн ч үндэстэй ярихгүй байна. Хэрвээ бид Орост, Хятадад тааруулах гээд яваад байвал хоёуланд нь зэрэг тааруулах шийдэл энэ хорвоо дээр байхгүй. Энэ хоёр том гүрэн үргэлж зөрчилдөнө. Харин Монголын сонирхол тодорхой байвал оросуудтай ч, хятадуудтай ч зөрсөн ч эцэстээ бид тохирч л таараа. Өнөөдөр монголчууд өдөр болгон шахуу өөр өөр юм яриад, өнөөдөр тэгье гэж хэлээд, харин маргааш нь үгүй гээд. Хариуцлага гэж байхгүй, эцэстээ бүүр эзэнгүй болох нь хавтгайрч байна шүү дээ. Баттулга сайдыг өөрөө хэлж байх шиг байна. Тиймээ би ч гэсэн түүний энэ хэт нэг талыг барьсан үйлдлийг лобби маягийн үйлдэл гэж хардаг. Харамсалтай Монголд зөвхөн уул уурхай биш, бүх салбарт ийм л байна.

-Жишээ нь?

Бүх зүйлийг гоёоор яриад, огт өөрөөр хийдэг. Эсвэл огт хийдэггүй. Жишээ нь, эмнэлгийн асуудал байна. Өнөөдөр Монголын бүх мөнгөтэй хүн гадагшаа эмнэлэгт явдаг, харин бүх улстөрчид том сайхан эмнэлэг, оношлогооны төв барина гэж мөн л 10 жил ярьсаар байна. Одоо хаана байна, тэр эмнэлэг. Манай удирдагчид зөвхөн гадныханд төдийгүй, ард түмэндээ худлаа ярьж, зүгээр л аргалсаар байна. Аргалах замаар амьдралыг дээшлүүлж болохгүй дээ. Амьдралыг дээшлүүлэх ганцхан арга бий. Хичнээн хэцүү ч гэсэн улаан нүүрээрээ тулаад л учраа олох ёстой. Хичнээн жил аргалах юм бэ. Дөрвөн жилээр сэтгэж байгаа, тэр тусмаа хувийнхаа төлөө явж байгаа улстөрчид хөөсрүүлээд, тууз хайчлаад аргалаад байна. Манай ард түмэн тийм улстөрчдөөс 21 мянган төгрөг л авч магадгүй, нэг цэцэрлэг авч магадгүй, нэг гудамжаа засуулж магадгүй. Ингээд анальгин уугаад байж болохгүй. Өвчин чинь хүндрээд байна ш дээ. Тэгэхээр хичнээн хүнд ч гэсэн “За найз аа, анальгин ууж болохгүй ээ, хөлийг чинь тайрахаас өөр арга алга” гэж хэлэх цаг ирэх болно. Монгол өөртөө хангалттай их нөөц бололцоотой орон. Зөвхөн Тавантолгой гэхэд олон зуугаар ярих тэрбум долларын нөөцтэй. Монголын уул уурхайн нийт баялгийг гадаадын санхүүгийн сэтгүүлүүдэд 1,5 триллион доллар гэж бичиж байгаа. Тэгэхээр бидэнд ганцхан юм дутсаар байна. Тэр нь монголын төлөө гээд явах сэтгэл зүрх. Дэлхийн хамгийн том нүүрсний ордыг хамгийн том хэрэглэгчтэй холбо гээд мөнгө, эрх мэдлийг нь өгөөд ч холбож чадахгүй, бүгдийг нь нураачихаад орж ирдэг. Оюу Толгойн гэрээг ч гэсэн аргалаад, хуураад явах гээд байдаг. Үнэхээр гайхмаар. Магадгүй энэ бүхэн юутай холбоотой гэвэл монголчууд бид 300 жил манжийн колони байсан, дараа нь 80 жил бүх зүйлийг Москвад шийдэж байсан сэтгэлгээтэй далд холбоотой байх. Бид Монголын эрх ашиг гэсэн хамтын эрх ашгаа харж, хамгаалж сураагүй, дандаа амиа бодож дотооддоо талцсаар, бусдын хоол болдог. Магадгүй манай улс төрийнхний хэв загвар нь 300 жилийн турш бие биенээ Манжийн хаанд ээлжлэн матаж, отго жинсээ чулуу болгодог сүүдэртэй түүхтэй ч холбоотой байх. Одоо Монголын төрийн соёл огт өөр болох ёстой. Өөрөөр боддог, өөрөөр шийддэг, өөрөөр хариуцлага тооцдог болох ёстой. Түүний нэг хэсэг нь гэвэл, дээр ярьсанчлан бид системтэй, тогтвортой боддог, тооцдог, санадаг, түүнийхээ төлөө цалин авдаг, хуулиар тогтсон дүрэмтэй монгол тархитай болох ёстой.

-Та одоо ямар ажил хийж байгаа юм бэ?

-Дэлхийн орнууд Интернетийг боловсролын гол орчин болгож эхэлж байна. Жишээ нь, өнөөдөр Америкийн их дээд сургуулиудад монгол хүүхдүүд интернэтээр дамжаад хандаж, шалгалтаа өгч сурч эхэлж байна. Дэлхийн эрдэмтэд, багш нар, сургуулиуд хамтарч сургалтын асар том сүлжээнүүдийг байгуулж байна. Үнэ төлбөргүй сургадаг ч олон болж байна. Эдийн засагч, санхүү маркетинг гээд төрөл бүрийн мэргэжлээр интернэт дээр, фэйсбук дээр гэх мэт сурах боломж өргөсч байна. Зүйрлэвэл, Интернэт бол хүмүүсийн насан туршдаа сурах бололцоог бүрдүүлсэн, асар том сургууль боловсролын “Нарантуул” зах болж байна. Энд бид хоцролгүй оролцох ёстой. Өнөөдөр хүн болгон гар утсандаа интернэттэй байна, гэртээ интернэттэй, интернет ашиглах өргөн боломжтой болж байна. Одоо интернэттэй яаж холбогдох вэ биш, харин түүнийг ашиглаж яаж амьдралаа сайжруулах вэ гэдэг асуудал бий боллоо. Энэ бүхнийг томоор харвал хүн төрөлхтний 21 дүгээр зууны үеийн даяаршлын шинэ соёл үүсч байна. Үүнд монголчууд бид оролцохын тулд хууль эрх зүй, техник, боловсон хүчний хүрээнд хийх ажил зөндөө байгаа. Энэ чиглэлд л төсөл санаа хэрэгжүүлээд, ажлаа эхлүүлээд явж байна даа. Төрөл бүрийн хичээлүүдийг видеогоор бэлдээд, youtube дээр тавьж эхлүүллээ. Ингээд цаашаа явна, ажиллана. Олон юмыг зэрэг л хийж байна. Нэгэнт 30 жил компьютер, интернэтийн салбарт ажилласан учир сонирхоод, үндсэн хоббигоо болгоод явж байна.

-Та Датакомыг анх байгуулсан, Монголд, монголчуудад интернэтийг анх танилцуулсан хүн?

-20 шахам жилийн өмнө Интернэт гэдэг чинь цоо шинэ зүйл байсан. Монгол бол дэлхийд нэлээн түрүүнд интернэттэй танилцсан, олон орноос түрүүлсэн шүү. Тэр үед интернэт өнөөгийн крантны ус, хананд байдаг цахилгаан шиг бараг бэлэн зүйл байгаагүй. Эрдэм шинжилгээний ажил, бүгдийг өөрсдөө угсардаг, заримыг нь шинээр хийдэг зүйл байсан. Тэр үед Датакомд 200 шахам инженер, техникийнхэн ажилладаг байсан. Тэр олон хүний л эхлүүлсэн ажил шүү дээ.

-Та интернэт гэдэг пирамидын орой дээр сууж байгаа хүн, Монголдоо… Ер нь пирамидын орой дээр сууж байгаа хүн их ашигтай байдаг гэдэг. Ер нь интернэтийн орчин, Датаком танд хэр их ашиг өгдөг вэ?

-Датаком анх Интернэтийг хийж байхдаа огт ашиг олдоггүй байсан. Бид Монголын таван их дээд сургуулийг хоёр жил үнэгүй үйлчилж, ихэнх техникээр нь үнэгүй хангаж байсан. Хэрэглэгчдээ сургана, нийгмийн хэрэглээ болгоно гэдэг их зардалтай амаргүй асуудал. Одоо бол Интернэтийн бүх компаниуд тусдаа бизнес шүү дээ. “Алтан тариа” тариа компани бусад гурилын үйлдвэрүүдээс огт тусдаа гэдэгтэй адил, Датаком бол нэг компани.  Мэдээж Интернет тэртээ тэргүй Монголд ирэх л байсан. Харин бид эртэлж зүтгэсэн учраас түүнийг 5 жил, 10 жилийн өмнө Монголдоо хэрэглээ болгосон байх. Интернэтийг бүтээхэд оролцоно гэдэг бол гайхалтай зүйл. Интернэт бол олон орны, асар олон мэргэжилтний оролцоотой хамтын бүтээл. Бид ч түүнд тун идэвхтэй оролцсон, тэр бол үнэхээр бидний мэргэжлийн бахархал.

-Таныг интернэтийн тэрбумтан гэж ойлгодог?

-Том л яриа байна. Үнэндээ бол би Монголдоо дундаж төвшнөөс арай дээгүүр орлоготой байх. Онцлог нь энэ бол цэвэр оюун ухааны эхлэлтэй бизнес. Өнөөдөр Монголын зах зээл жижигхэн, эргэлт маш удаантай. Тийм учраас эмч, эрдэмтэн, багш, инженерүүд учиргүй сайн ажиллалаа гээд овоо сайн амьдралтай болно байх, түүнээс биш том наймаачид, мөнгө зээлдэгч нар, уул уурхайнхан шиг баян болох боломжгүй. Зуун саяар хурдан азарга худалдаж аваад, данх шиг том хөөрөг бариад явдаг төрөөс төрсөн тэрбумтнуудын дэргэд бол бүүр юу ч биш байх.

-Ардчилсан нам анх удаа яллаа, хэр сайн ажиллаж байна гэж боддог вэ? Зарим нь авлигатай сайн тэмцэж байна гэдэг, эсвэл МАН-ын гишүүдийг “авлаж” байна гэдэг.

-Би манж зан гаргаж байгаа юм биш, үнэнээ хэлэхэд шүүмжлэхэд арай эрт байна. Яагаад гэвэл олон юмыг санаачилж байгаа нь сайн, маргах юм байхгүй. Гурван юмны хоёр нь зөв, нэг нь буруу болж байвал яваад бай, шүүмжлэл бол байж л таараа. Юм хийхгүй зүгээр сууснаас хавьгүй дээр. Гэхдээ нөгөө талаас хэлэхэд, АН өмнөх туршлагаасаа сургамж авсан болов уу гэж найдаж байна. Цөөнхийн эрх ашгийг тооцохгүй явбал харин том алдаа болно. МАН сонгуульд ялагдсан, суларсан нь үнэн. Гэхдээ мөнхийн ялагч байх юм шиг бус, харин шинэ цаг үе гэдгийг МАН-д ч харуулаад яваасай гэж хүсье дээ. Шударга ёсыг тогтоох тал дээр Ерөнхийлөгчид хандаж нэг л үг хэлмээр байна. Үнэхээр авлигыг зогсоож, луйварчдыг шүүж байгаа цагт нам гэж бүү ялгаасай гэж олон хүн харж байгаа байх. Би бас тэгэж л харж байна. Үнэхээр хулгайч нарыг нам үл харгалзан цэвэрлэж байвал, аль аль намынх нь шударга гишүүд дэмжихээс өөр арга байхгүй. Нэг жил ч болоогүй байхад би яаран шүүмжлээд яахав. Улс төрийн нам гэдэг чинь нэг хүн биш шүү дээ. Янз бүрийн бодолтой хүмүүс бий, далимдуулаад өшөө авъя гэсэн хүн бий, алсыг хараад өөрөөр явъя гэсэн ч улс бий. Тийм учраас хүлээцтэй л байх хэрэгтэй. Мэдээж олж хараад хэлбэл их зүйл үргэлж бий. Гэхдээ бүх өөрчлөлт цаг хугацаа шаарддаг.

-Монголчууд бид гадныханд итгэхгүй, эдийн засгийн алуурчин гэж жийрхэх хандлага гаргадаг?

-Бид ямар Түвдийн ууланд сууж байгаа даяанч лам биш. Өөрийгөө тусгаарлаад явахгүй. Асуудал яг эсрэгээрээ. Хэрвээ Рио Тинтотой гэрээ хийж байвал Рио Тинтогийн түвшинд хэлцэж чаддаг өөр  хүмүүсийг хөлслөөд ажиллах хэрэгтэй. Тиймд жийрхэх биш харин хүчээ тэнцвэржүүлээд ажиллахаас өөр зам байхгүй. Монгол ардчилсан нээлттэй болсны давуу тал нь бидэнд сонголт үргэлж бий. Түүнийгээ л ашиглах хэрэгтэй. Монголчууд бид зөв ажиллавал Оюутолгой, Тавантолгой гэх мэт ямар ч асуудлаар, бусдаас дутахгүй эрх ашгаа хамгаалаад явах бүрэн боломж бий шүү дээ. Монгол хэдий жижиг ч гэсэн биеэ даасан, тусгаар улс, ардчилсан, дайн байлдаан, шашны мөргөлдөөн гэх зүйл байхгүй, хоёр тогтвортой хөрштэй. Юу дутаад байгаа юм бэ? Бас  авдрандаа зөндөө баялагтай. Хүнээс юм гуйгаагүй шүү дээ. Манай авдран дахь мөнгийг яаж хоёулаа хувааж ажиллах вэ гэж ярьж байгаа болохоос чи надад юм өгөөч гэж гуйгаагүй. Тиймд хэнтэй ч хамтран, харилцан ашигтай ажиллах бүрэн боломж бидэнд бий.

-Оюутолгойн гэрээг хөдөлгөсөн, одоо муу гээд олон хүн ярих болсон, С.Баяр гадаадад гараад зугтчихлаа гэлцэх юм.

-Энэ бол том бизнесийн гэрээ. Монголчууд түүнийг үнэхээр муу хийсэн нь үнэн. Гэхдээ наймаа юм чинь нөгөө талд байгаа улсууд өөрийнхөө л эрх ашгийг хамгаална. Яагаад Монголын төлөө хийх ёстой юм. Асуудал зөвхөн Рио Тинтод биш. Монголын талаас оролцсон хүмүүс яагаад ажлаа сайн  хийгээгүй юм гэдэг асуудал эхлээд бий. Хоёр тал яаж ч ярилаа гэсэн урт хугацааны хамтын ажиллагаа шударга бус нөхцлөөр удаан явахгүй. Тэгэхээр тийм асуудал үүссэн үед хоёр тал эргэж суугаад дахин ярихаас өөр аргагүй. Мөн хэн ч хариуцлагаас зугтах ёсгүй. Өнөөдөр Монгол улсын амин чухал эрх ашгийг би хариуцна гэж хэлж байсан улсууд одоо хариуцах л ёстой. С.Баяр гэдэг хүндээ ч байгаа юм биш. Энэ бол төрийн эрх мэдэл авах, хариуцан ажиллах энгийн дүрэм.

-Хүмүүс янз янзаар харддаг?

-С.Баяр болон түүний баг муу гэрээ хийсэн гэдгийг бид цагтаа хэлж байсан. Муу гэрээ гэдгийг одоо бараг хүн болгон мэдэж байгаа. Өнгөрсөн парламентын үед 21 гишүүн энэ талаар асуудал тавьж байсан. Яагаад УИХ-аас баталж өгсөн 57 дугаар тогтоолын дагуу гэрээ хийгээгүй юм гэж. УИХ-ын тогтоолын дагуу хийсэн бол УИХ хариуцлага хүлээнэ, харин тогтоолын дагуу хийгээгүй бол гэрээг хийсэн ЗГ хариуцлага хүлээнэ. Гэрээг хийсэн, сайд байсан хүмүүсийн хариуцлагын асуудал ч хамгийн гол нь Монгол улс 100 жил үүрэх алдаа битгий болчихоосой, Монголын бүх уул уурхайд буруу жишиг тогтоосой, хамгийн чухал нь монголчуудын гарт ирж буй чухал боломжийг битгий тавиад туучихаасай л гэж хүсэж байна. Энэ бол бурхнаас, бүр нарийн яривал бидний өвөг дээдсээс өгсөн үүц. Үүгээр зүгээр мөрийтэй тоглож байгаа мэт хандаж болохгүй. Эсвэл хэдэн хүн баяжихын тулд ашиглачихсан байж болохгүй. Тийм учраас энэ бол хувь хүний асуудал биш, Баяр байна уу, Дондог байна уу, Энхбат нь байна уу буруу  бол гэрээг засах л хэрэгтэй. Хариуцлага алдсан бол шийдвэрээ гаргаад дараагийн алхмаа хийх л ёстой. Бидний цаашид явах жишиг тогтох ёстой. Гадныхан ч гэсэн ойлгоно. Эдэнд тулгаад юм хүлээлгэж болдоггүй юм байна, араас нь асуудал гардаг юм байна, анхнаасаа л хоёр талдаа шударга тохиръё гэдэг жишиг тогтооё. Оюутолгой, Тавантолгойн гэрээг их холын ашигтай, аль эсвэл их холын уршигтай зүйл гэж хардаг. Ямааны мах халуун дээрээ гэж, ямар ч хэцүү байсан засах хэрэгтэй бол өнөөдөр засах л хэрэгтэй. Түүнээс биш дахиад аргалаад өнгөрч болохгүй.

-Улс төрийн өнгийг ажиглаж л байгаа байх. МАХН, МАН хоёр эвсэх тухай яриа гарч эхэллээ.

-Би улс төрийн намуудын наймаагаар өнөөгийн гүнзгий хямралд шийдэл байхгүй гэж хардаг. Монголын асуудал бол энэ намуудын тохиролцооноос дээгүүр түвшний асуудал.  Үүнийг олон хүн хараасай л гэж хүсч байна. Итгэлцэл үүнд маш чухал. Шийдвэрлэх үүрэгтэй. Үүнийг жинхэнэ удирдагч л үүсгэнэ. Жишээ нь би УИХ-ын гишүүн байхдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг буцаад АН-даа орохгүй гээд улс төрийн соёл, итгэлцлийн шинэ жишиг тогтоогоосой гэж хэлдэг байсан. Ц.Элбэгдорж буцаад АН-даа орох л юм бол МАН-ынхан түүнд итгэхгүй. Н.Энхбаяр даргын том алдаа бол энэ. Нэгэнт та үндэсний эрх ашиг хамгаалдаг хүн болж итгэл хүлээсэн буцаад цөөнхийн эрх ашгийн төлөө, нэг намын эрх ашгийг хамгаалаад дахин явах хэрэггүй. Нам гэдэг бол үргэлж цөөнх. Үндэснийхээ төлөө явах бол огт өөр.

-Н.Энхбаяр даргыг НҮБ-д ажиллуулахаар явуулъя гэсэн байх аа.

-Мэдэхгүй, гэхдээ заавал НҮБ ч биш, жишээлбэл Монголын уул уурхайн хөгжлийг дэлхийн төвшинд ярьдаг хүн байг л дээ, яагаад гэвэл тэр хүн Монголын ерөнхийлөгч байсан, үндэсний хэмжээний хүн болохоор хүмүүс итгэнэ. Тэгэхгүйгээр буцаад бүр иргэний хөдөлгөөний удирдагч болчихдог. Өнөөдөр амьд яваа бүх хүн дотроос хамгийн их эрх мэдэл хүрсэн, хамгийн их боломжтой байсан хүн нь Н.Энхбаяр. Хамгийн том намын дарга байсан, Ерөнхий сайд байсан, УИХ-ын дарга байсан, Ерөнхийлөгч байсан, 15 жил хэнээс ч илүү эрх мэдэлтэй байсан. Ганцхан асуулт байна, тэгээд хийхгүй яасан юм бэ? Одоо тэгээд яагаад буцаад иргэний хөдөлгөөн байгуулаад, нам байгуулаад байгаа юм, яагаад өөр хүн, Монголын 3 сая аавын хүү, ээжийн охины нэг тэр ажлыг чинь хийж болдоггүй юм. Одоо өөр хүмүүс хийг л дээ. Одоо жишээ нь Б.Бат-Эрдэнэ аварга сумын начин болно гээд үзээд байвал яахав. Унагаачихаар гомдоод, сумын наадам үймүүлээд, жагсаад л, бужигнуулаад байвал яахав. Тэгж болохгүй л дээ. Тийм учраас Ц.Элбэгдоржийг ч гэсэн намын дарга болохгүй гэж зарлаад, ер нь Ерөнхийлөгч болсон хүн буцаж нам энэ тэр гэж гүйдгээ хуулиараа болих хэрэгтэй. Хамгийн энгийн жишээ манайхны дууриах дуртай Америкт ямар ерөнхийлөгч нь буцаад нам гэж гүйгээд байна. Яагаад гэвэл нийгмийн зүтгэлтэн болчихсон хүн, үндэсний хүн болчихож байгаа юм. Юун тэр нам, тэр бол жижиг асуудал.

-Манайх дөрвөн Ерөнхийлөгчтэй. Анхны ерөнхийлөгч нь уул уурхай хавиар явдаг, Багабанди гуай Оюутолгой ТУЗ-ийн гишүүн, 40 мянган долларын цалинтай гэгддэг. Одоо эргүүлж татах асуудал тавигдаад байгаа юм шиг байна лээ. Тэдний эрхэлдэг ажил, хийж байгаа үйлдлийг яаж үнэлдэг вэ?

-Цалинг мэдэхгүй. Гэхдээ би Н.Багабанди гуайн, П.Очирбат гуайн буруу гэж бодохгүй байна. Яах юм, ерөнхийлөгч байсан хүн цаашдаа яах вэ гэдэг төрийн дэг жаяг, тогтолцоо алга. Нэг байшин өгөөд мартчихдаг. Энэ хүмүүс бас юм хиймээр байна, мэдлэг, туршлага байна. Тэгэхээр Очирбат гуай, Багабанди гуай хоёрыг шүүмжлэхээсээ өмнө, зөвхөн тэр хоёр биш, ер нь МУ-ын ерөнхий  сайд, УИХ-ын дарга байсан улсуудыг ҮАБЗ-д байсан гишүүд, энэ МУ-ын төрийн оюун санаа, хүч болж байсан улсуудыг яаж насан туршид нь төрд, өөрт нь хэрэгтэй байлгах юм гэдгийг шийдэж чадаагүй, энэ асуудлаа шийдээгүй, бидний л буруу. Монголын ерөнхийлөгч байсан хүн алтны компани байгуулаад явж байна гэж шүүмжилдэг. Тэр хүн чинь уул уурхайн мэргэжилтэй, инженер хүн. Мэргэжлийн ажлаа хийгээд явж байгаа биз дээ. Юу нь буруу байгаа юм, хэрвээ эмч хүн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол эмнэлэг байгуулаад л ажиллах байсан байх. Ерөнхийлөгчийн дараагийн амьдралыг хувь хүний асуудал болгоод хаячихсан байгаа шүү дээ. Энд хэн нэгний буруу гэхээсээ өмнө бидэнд бодох юм, хийх ажил байна, Монголын төр маань төлөвшөөгүй байна гэсэн үг. Үүнээс сургамж аваад ядахдаа энэ хоёрыг алдсан юм гэхэд дараагийн улсуудаа яах ёстой вэ гэдгээ одоо ярих л ёстой. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч үүнийг яриасай гэж бодож байна. Энэ Ц.Элбэгдоржийн амьдралыг яах вэ гээгүй гэдгийг хүмүүс ойлгоно.

-Өөрийнхөө төлөө хийх гэж байна гэж бодно гэж болгоомжилдог байх аа?

-Нийгмийн сэтгэл зүй хэцүү ч монголчууд үүнийг ойлгох төвшинд хүрсэн гэж бодож байна. Ер нь зөв яривал юу нь буруу байгаа юм бэ. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэж Гэндэн гуай хэлж байсан. Яагаад халтай байсан юм бэ, тэр үед манж, дараа нь Оросын мэдэлд байсан. Энэ үед Монгол улсынхаа төлөө зүтгэсэн хүмүүс дандаа эрх ашиг нь зөрчилдөж, толгойгоо авахуулдаг байсан. Өнөөдөр шал өөр, Монголын төр зүтгэсэн хүндээ хамгийн ээлтэй төр байх ёстой. Тэрийг л хийх ёстой. Энийг бодох ёстой, Н.Энхбаяр ерөнхийлөгч ч гэсэн өөрөө бодоогүй. Гэхдээ нөгөө талаас нийгэм сургамж авах ёстой. Алдаанаасаа сурах ёстой, улс орон ч хүнтэй адилхан.

-Экс ерөнхийлөгч Н.Энхбаяр ч гэмээ ухаарлаа гэж ярих болсон?    

  -Хүмүүсийг илүү сайн таньсан болов уу гэж боддог. Дарга байхад нь өөрийнх нь хэлснээр бөгсийг нь долоож байсан улсыг таньсан болов уу. Одоо өнгөрсөн хойно нь яриад яахав. Хүссэн юм болгоныг хүн хийж амждаггүй шүү дээ. Надад ч гэсэн хийж чадаагүй яваа зүйл зөндөө бий. Тэр байтугай цагтаа дээрэлхүүлж, доромжлуулах үе гарч л байсан. Гэхдээ тэр бүхэн бол болоод өнгөрсөн зүйл ш дээ. Тийм зүйлсийг уучлаад, мартах хэрэгтэй, тэр л сайн сонголт байдаг гэж би боддог. Тэр бүхнийг хаяад цааш эр хүн шиг явах хэрэгтэй. Хүн зовлонгоо тээж явах уу, жаргалтай цааш амьдрах уу, өөрийнх нь сонголт байдаг.

-Та жишээ нь Ерөнхийлөгчийн сонгуульд бас орохгүй ээ гэдэг шийдэлдээ дараа харамсах болов уу?

-Огт үгүй. Би Бат-Эрдэнэ аваргатай олон жил ана мана барилддаг байсан Мөнх-Эрдэнэ арсланг санаад боддог юм. Мөнх-Эрдэнэ арслан бол гайхалтай сайн бөх, гэхдээ дандаа үзүүрт үлддэг. Гэхдээ Бат-Эрдэнэ аваргатай нэг цагт төрчихсөн юм чинь тэгээд яах юм. Гэхдээ тэр чинь тэр бөх муу гэсэн үг биш. Тийм учраас тэр хүн чин хүслээрээ, сайн бөхөөрөө л барилдсан бол болоо. Тийм учраас бүх юм чамаас хамаарахгүй. Ганцхан өөрийнхөө амьдралаар л амьдрах ёстой. Тийм учраас Мөнх-Эрдэнэ арслан шиг л байх хэрэгтэй. Надад бол би том намын дарга байна уу, биш байна уу, гол зүйл биш, тэр бол дараагийн асуудал.  

-Одоо улс төрийн нам хэрэггүй ээ, нэр хүндээ алдлаа, хатуу гишүүнчлэлгүй болгоё гэлцдэг. Гэхдээ ИЗНН-ыг арай өөр цэвэр тунгалаг болов уу гэж боддог. Таныг гэнэт зайгаа бариад явчихаар гайхаж байна?

-ИЗНН бусдаас илүү ч биш, дутуу ч биш, өнөөдрийн Монголын улс төрийн байгаа царай энэ. Яагаад гэвэл яг л Ардын нам, АН хоёртой адилхан, сонгуульд яг адилхан хуулиар орж байгаа, адилхан агаараар амьсгалж байгаа, яг адилхан явж байгаа, бүх өвчин адилхан тусаж байгаа. Миний гол байр суурь, ер нь яагаад ИЗНН-ын жагсаалтыг орхисон юм бэ гэвэл “Тэгээд бид өөрөөр явах юм уу?” гэж өөрсдөөсөө асуусан. “Тийм ээ, бид мөнгөгүй нь үнэн, бид сул нь үнэн, гэхдээ бид өөрөө явья. Хэрэв өөрөөр явахгүй юм бол өөр нам байж яах юм. Тийм биз дээ. Үнэхээр би мөнгө өгч, мөнгөөр явах юм бол заавал ИЗНН гэж байж яах юм. Ердөө л миний асуулт энэ. ИЗНН-д нэг давуу тал байсан юм. Жижиг учраас хурдан эдгэрэх боломж байсан. Үүнийг манай ихэнх удирдах хүмүүс ойлгоогүй. Хүсээ ч үгүй байх. Маш олон хүн амьдралаа залгуулах гэж намд ордог, түүнээс биш улс орноо өөрчлөх гэж бус цаг. Тийм цаг цагт л бид явж байна.

-С.Оюун гишүүнийг шударга хүн гэдэг шүү дээ.

-Хэвлэлээр шүүмжлээд, эсвэл магтахдаа биш л дээ. За одоо аян замд гарах гэж байна. Хаашаа явах юм бэ гэж бид ярилцаад нэг замаар явж чадаагүй. Би Форумынхаа дараа АН-д оролгүй харин хамгийн танигдахгүй Ногоон намд ороод, ИЗНН гээд явсан бэ гэвэл бидний хэсэг нөхөд шинэ замыг хайсан.  Шаардлагатай үед ганцаараа ч хамаагүй урсгал сөрөөд явах чадвартай байх хэрэгтэй. Тийм учраас бүх хүн сонгуульд орж байна, чи яагаад ингэв гэж олон хүн гайхдаг. Би бол хүссэнээрээ л явж байна гэдэг. Яагаад гэвэл үнэт зүйлээ гээвэл тэр нам хаашаа ч явж чадахгүй гэдэгт би итгэдэг. Одоохондоо би намын ажлаасаа хөндийрч, намын даргаа өгнө гэдгээ улс төрийн зөвлөл дээр хэлсэн байгаа. Хүмүүс намын хаалга саваад гарлаа, хамт олноо орхилоо гэж байгаа байх. Бид чинь ардчилсан нийгэмд амьдарч байна. Санал нийлэхгүй ч харанхуйгаар энхрий хайрт нам, үхтлээ намын батлахтайгаа хамт гэдэг юм байхгүй. Өнөөдөр би намын батлахыг биш, үнэт зүйлээ, итгэл үнэмшлээ дагана. Монгол улсад хийх ажил их байна. Монгол улс бол намуудаас том зүйл. Би намаас орлоо, гарлаа гээд ч сүржигнээд байх юм алга.

-ИЗНН хамтарсан засагт орж ажиллаж байгаа. Танд албан тушаал санал болгоогүй юу?

-Надад намаас биш харин өөр газруудаас ажил санал болгосоон. Би найз нөхөддөө тоглож хэлдэг юм. Зохиолч хүн нэг ном бичиж дуусчихаад шууд дараагийн номоо бичвэл тэр ном нь өмнөхтэйгээ адилхан болчихдог юм гэнэ лээ. Тиймд намын улс төр биш, харин өөр ажил хэсэг хийе гэж. Тэгээд дээр хэлсэн шинэ ажлуудаа хийгээд явж байна.

-ИЗНН-аас ногоон гэдэг үгээ салгаж авна гэж Ногоон намынхан заргалдаж эхэлсэн. Тэд тантай огт хамаагүй юу?

-Асуудал ногоон байна уу, улаан байна уу, цэнхэр байна уу энэ бол зөвхөн нэр шүү дээ. Ногоон намын нөхөддөө ганцхан л юм хэлнэ. Ажлаа хийгээч ээ, Ногоон намынхаа л ажлаа хийгээч гэж. Бусад нам ногоон нэртэй байна уу, улаан нэртэй байна уу, та бүхэнд ямар хамаа байнаа. Өөрөөр хэлбэл бусад хүний өмссөн хувцас ямар хамаатай юм бэ. Өөрийнхөө л ажлыг хийгээч. Би хувьдаа Монголын бүх нам ногоонтой болбол бүр их баярлана. Тэгээд ч энэ  зөвхөн нэр. Эцсийн эцэст хэн ямар ажил хийсэн нь л чухал. Үнэхээр мундаг юм бол бүгдийг даваад хийгээч, хэн ч хориогүй шүү дээ. Ногоон нам ямар байдгийг харуулаач. Байгаль хамгаалах асуудлаа ИЗНН-аас 10 дахин илүү хийгээд, тэднийг, бусдыг арчаад хаяач дээ. Тэгвэл би ч сэтгэлийнхээ гүнд баяртай л байна. Тэр нь Монгол улсад л хэрэгтэй. Би басаж хэлж байгаа юм биш. Ногоон нам ч, ИЗНН ч сайн ажиллаасай гэе дээ Өөр юу хэлэхэв. Өнөөдөр маш сайхан шинэ цаг. Одоо бид шинээр сэтгэх л хэрэгтэй. Зөв явж чадвал бид хэнээс ч дутахгүй гэдэгт би үнэхээр итгэдэг. Бусдыг нь бурхан бидэнд өгчихсөн, өвөг дээдсээсээ өвлөчихсөн. Энэ бүхнийг надаас илүү хэлэх ухаантай хүмүүс олон байгаа. Энгийн иргэд ч мэдэрч байгаа. Олон түмний ухаан гэдэг айхтар, бүгдийг мэдэж байдаг.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ