alim.mn | 2024.12.23
ДА...ДА ДАВААДОРЖИЙН ГАНБОЛД

Найзууд нь хүндлэхээрээ “Да дарга”, цаашлуулахаараа “Ха дарга” гэж түүнийг авгайлна. Да нь яахав, овгоор нь дуудаж байгаа хэрэг, харин “Ха”нь мань эрийг халзнаар нь дайруулсан явдал. Мань хүнд алинд нь ч үл ажран муухан инээчихээд сууж байна. Тэр хачин нэгэн. Хүүхдийн морь, номхон тэмээ шиг. Надад түүний нэг юм огт таалагддаггүй. Найз нартаа элдвээр хэлүүлээд тоодоггүй шигээ гөрдөөч, хутгаач нарыг ч уучилдаг нь ёстой илүү зан санагддаг.

Чамайг тэгээд бичсэн байна гэхэд “Тэгсэн л байна лээ. Уг нь ч тийм биш дээ, чи мэднэ ш дээ” гээд духаа гялтайлгана. Жинхэнэ үнэнийг нэг ч болов хүн мэдэж байгаад ханачихна. Ерээд оны Монголын эдийн засгийн шинэчлэлийн гол авторуудын нэг, өнөөдөр бүгдээрээ үр шимийг нь хүртэж яваа зах зээлийн эдийн засгийн үрийг суулгалцсан нэгэн. Шинэтгэлийн олон алхмыг удирдаж, хэрэгжүүлсэн эдийн засагч. Яриад барахгүй олон ажлыг тэр хийсэн, бас хийлцсэн. Дараа нь янз бүрийн салбарт зүтгэсэн.

Нэлээн сүүлд л гэхэд, Америкчуудын мөнгөөр монголд төмөр замын зүтгэх бүрэлдэхүүнийг шинэчлэх төсөл, хөрөнгө мөнгийг шийдүүлчихсэн явсан. Одоо байгаа дизелээр ажилладаг илчит тэргэнд зориулан 60 км.цагаас илүү хурдлах боломжгүйгээр тахирлуулан барьсан, нэвтрүүлэх чадвар нь хүрэлцэхээ больсон төмөр замтай зэрэгцүүлж 120 км.цагийн хурдтай цахилгаан зүтгүүрт зориулсан шинэ төмөр замын төслийн ТЭЗҮ-ийг Монгол Улсаас нэг ч төгрөг гаргалгүйгээр хийлгэсэн хүн.

Гэвч иймэрхүү юм яаж дуусдаг билээ тэр л замаар төмөр замын шинэчлэлүүд нь жилийсэн. Шинэ юм, шинэ алхам эзэндээ сайн нэр дагуулдаггүйн жамаар үсээ дуустал хэлүүлж яваа нэгэн. Анх түүнийг алт дилер гэх хэргийн эзэн хэмээн жаал гүтгэв. Үнэн хэрэгтээ хэсэг мэргэжилтэн, залуус дилер хэмээх банк хоорондын валютын арилжаа маягийн бизнест оржээ. 

Гэхдээ Да.Ганболдын заавраар биш, МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны шийдвэрээр 1987 онд эхэлсэн ажил байжээ. Хэрэг явдал ардчилсан хувьсгалаас өмнө болсон хэрэг бөгөөд 1991онд шинэ Засгийн Газрын үед илэрсэн юм билээ. Харин алт худалдсан явдал Да.Ганболд санхүү, эдийн засаг хариуцсан тэргүүн шадар сайд байх үед тохиожээ. Олж ирсэн мөнгө нь Монголд яаж буянаа өгснийг харин хэн ч ярьдаггүй.

Харин Да.Ганболд болсон явдлыг тайлбарлахыг хичээсэнгүй, яг л найз нартаа халзан мулзнаараа дуудуулсантай адилд болоод өнгөрсөн юм. Буруугүй зүйлд буруутнаар ойлгогдож хохь нь болсон доо. Та нар одоо ч түүнийг улсын хамаг алтаар гараа угаагаад барчихсан, тэрнээс нь болоод миний байж байгаа царай энэ гэж бодож суугаа байлгүй. Дараа нь хэн нэгэн нь Да.Ганболд “Монголчуудыг элгээр нь мөлхүүлнэ” гэсэн гээд цуурчихаж. Аанай л үнэн учрыг мэдэх хүн зөндөө л байгаа юм чинь гээд орхиж.

Хэдэн жил дараалан, хурал болгон дээр голдуу улаан дээлтэй нэг өвгөн босоод “Тэр Ганболд биднийг элгээр нь мөлхүүлнэ гэсэн болохоор” гээд л тамхины галаар түлчихсэн энгэрээ ширтэн ширтэн ярьдаг болчихсон байж билээ. Нэг удаа Баабар бид хэд Завханд явж байгаад тэгж ярьсан хүнээс “Та маш ноцтой мэдээлэл хэллээ. Наадах чинь Монгол Улсын эдийн засгийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна. Бид цагдаагийн газарт хандаж Да.Ганболдод эрүүгийн хэрэг үүсгүүлнэ. Харин та наад баримтаа яг гэрчлээд очоорой” гэсэн чинь бажгадаад “Би үзээгүй ээ. Улс л тэгж яриад байгаа юм. Худлаа ч болов уу гэж бодоод байсан юм. Тэгж таарлаа” гэсгээд суучихаж билээ.

Одоо танай наагуур чинь өнөөх домгууд хөгжөөд “Улсын алт мөнгөөр бус алмаз шүрээр дилэрдсэн”, “монголыг элгээр нь хэвтүүлэх биш дагзаар нь савуулах” болчихсон яваа биз. Гол нь хэн юу гэх нь яах вэ? Өөрөөс нь л асуугаад үзээрэй, хэн минь. Өөр зүйлгүй ээ.

Б.Цэнддоо


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ