alim.mn | 2024.12.23
Х.ТЭМҮҮЖИН: Эрх мэдэлтэй нь хуулиас дээгүүр оршдог ийм нийгэм үлдээмээргүй байна

/Өөрийн хөрөг/

Би Зуунмодын унаган хүүхэд. 1971 оны 3 дугаар сарын 20-нд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн. Дороо хоёр дүүтэй. Аав минь Хишигдэмбэрэл, ээж минь Даариймаа. Хоёулаа эмч, эмнэлгийн мэргэжилтэй хүмүүс.

Аавын минь аав Мөнх-Очир Төв аймгийн Лүн сумын харьяат, насаараа хуулийн байгууллагад ажилласан прокурор хүн байв. Аавын ээж Лэгзмаа бас л эмнэлгийн мэргэжилтэй, эх баригч эмч байсан. Лэгзмаа эмээгийн аав Дагдан ардын хувьсгалын партизан хүн байлаа. 1921 онд Хиагтыг чөлөөлөх тулалдаанд орсон 400 морьт цэргийн нэг.

Ээжийн аав Адьяа нь нутаг орондоо “Дууч Адьяа” гэж алдартай, бид өвөөгөө Ажаа гэж дууддаг байлаа. Ээжийн ээж Тогоочимэд. Ээжийн тал буюу Ажаагийнхан Ар Ар Өнжүүл, Улхын булангаар нутаглана. Бүрэн, Баян-Өнжүүл Алтанбулаг, Сэргэлэн гээд Туулын голыг өгсөж уруудаж амьдарцгаасан. Одоо ч гэсэн ах дүүс, хамаатан садангууд маань Лүн, Бүрэн, Баян-Өнжүүл, Алтанбулаг, Сэргэлэн сумдаар аж төрж, амьдарцгааж байна.

УЛСЫН НААДАМД УРАЛДСАН МИНЬ

Би хүн болж төрөөд ухаан орж, хорвоогийн амьдралыг таньж амжаагүй байхдаа аавыгаа алдсан хүн. Ээж минь бид гурвыг өсгөхийн тулд амьдралын хатуу хөтүүг туулсан жирийн нэг эмэгтэй. Ааваасаа өнчирсөн биднийг зун сургууль амрангуут Ажаа дээр маань аваачиж өгнө. Сэргэлэн сумандаа Эрдэнэ уулын ар өвөр, Долоон, Гүнбүрд хавиар нутаглаж, адуу малын захад зуныг өнгөрөөж хүн болсон доо.

Ажаа маань нутагтаа адуу сайтай, морь сайхан эдэлнэ. Хөх буурал зүсмийн андар сайхан морьдтой. Дүү дөрөвтэй, би тавтайдаа анх морины нуруун дээр гарч, долоотойдоо хурдан морь унаж эхэлсэн юм байна. Манай Сэргэлэнгийнхэн сумаараа адуунд дуртай, айл болгон морь уяна. Морьдоо Долооны хашаанд сунгаж аваад наадмын өмнөх өдөр Яармагийн дэнжид ирнэ дээ.

Аймгаас хот руу явах замд , Тахилтын даваа өнгөрөөд одоогийн Кувейтийн ам руу эргэдэг замын урдхан талд торон хашаатай ногооны талбай байсан. Ажаа бид хэд хашааны дэргэд майхнаа зоож хоноод өглөө нь Яаррмагийн дэнж рүү очино. Хээрийн хоол идэх нь хачин сайхан байдаг байж билээ. Тэр үед Төв аймаг наадмаа тусдаа хийдэггүй, хотод улсын наадамтай хамт нааддаг байв. Миний улсад морь унаж уралдаад хамгийн урдуур давхисан нь 20 дотор, ихэнхдээ л 60 гаргаж ирдэг байсан санагдана.

ХУУЛЬЧААС УЛСТӨРЧ РҮҮ ХАЛТИРСАН НЬ

Би Монгол Улсын Их Сургуульд 20 гаруй жил багшилж, мөн төдий хугацаанд хууль судалж байна. Хичээл дээрээ хууль, хүний эрх, шударга ёсны тухай яриа өрнүүлж байхад оюутнууд маань хэрсүү, хатуу асуултууд цөөнгүй тавина. Нэг удаа “Багш аа, таны ярьж байгаа зүйл сайхан сонсогдож байна. Хууль яг л ийм байх ёстой байх. Шударга ёс гэж таны хэлж байгааг л хэлэх байх. Гэхдээ цонхны цаана, гудамжинд амьдрал өөр байна. Тэнд хууль сахисан нь хохирч, хууль зөрчсөн нь хожиж байна. Номон дээр байгаа хууль, гудамжинд байгаа амьдрал огт өөр байна! Таны ярьж байгаа шударга ёс бидний амьдралд яагаад байхгүй байна вэ?” гэж асуусан.

Энэ үг надад их хүнд туссан. Бидний байгаа байдал нь энэ гээд, хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг, мөнгөтэй нь бүхнийг худалдаж авдаг, эрх мэдэлтэй нь хуулиас дээгүүр оршдог ийм нийгмийг хүүхдүүддээ үлдээвэл тун мунхаг, ухвар мөчид үйлдэл болно. Одоо байгаа байдлыг өөрчилж, дарга хамгаалдаг биш иргэнээ хамгаалдаг хуультай, улс орон хөгжиж урагшлахад тээг, дарамт биш дэмжлэг болдог бодлоготой болохсон гэх бодол улс төрд хөл тавихад хүргэж дээ

ХАЛИРЧ НУГАРАХ ЭРХГҮЙ

Харамсалтай нь сүүлийн 10 гаруй жил ярьсан, хийж хэрэгжүүлсэн зүйл маань нүдэн дээр нурж байна. Урагшаа алхсан маш олон алхмуудыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд буцаалаа, ухраалаа. Үхэхэд үр харам гэдэг биз дээ. Хийсэн ажил маань нүдэн дээр нь нурж байхад парламентын гадна байгаа юм чинь гээд дуугүй өнгөрч чадахгүй. Яагаад гэвэл энэ нийгэмд надаас гадна үр хүүхдүүд минь үлдэнэ. Үүрэх ачаагаа үүрэлгүй, шийдэх асуудлаа шийдэлгүй ардаа үлдээгээд явбал дараа үе маань хэтэрхий их асуудалтай тулна. Үе хоорондын шударга ёс гэж юм байна. Өмнөх үе нь асуудлаа зөв, сайн шийдсэн газар дараа үе нь илүү ахисан хөгжлийн тухай ярьж байна. Өмнөх үе нь асуудлаа шийдэж чадаагүй газар үр хүүхдүүд нь эцэг эхийнхээ шийдэж чадаагүй асуудалтай зууралдсаар хөгжил дэвшлээс хоцорч байна. Үе дамжсан ядуу буурай, мунхаг улс баймааргүй байна шүү дээ.

Хишигдэмбэрэлийн ТЭМҮҮЖИН

УИХ-ын сонгуулийн 14-р тойрог. Нэр дэвшигчийн сэтгүүлээс...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ