alim.mn | 2024.12.23
НӨХГ-ын орлогч дарга асан Д.Ариунбаатар хотын мэдлийн 7 байранд найз нөхөд, хамаатнуудаа оруулж мөн өрөндөө өгчээ

Экс орлогч даргатан нь  Ё.Х, Б.Г, У.М, Ж.Б, Б.Б, Т.Б нарын долоон иргэнийг нийслэлийн орон сууцны фондод орох ёстой байранд эрх мэдлээ хэтрүүлэн оруулжээ. Тэдгээрээс Б.Г нь өмнө нь орлогч даргатай хамт барилгын засварын ажил хийж байжээ. Тэрээр 50 сая төгрөг өгсөн байна. Ж.Б нь Д.Ариунбаатарын хамаатан гэнэ. Б.Б нь орлогч даргаас авлагатай агаад өрөндөө байр авчээ. Авсан байраа мөн өрөндөө өгөөд бүр холион бантан болгосон. Ж.М нь орлогч даргын арван жилийн нэг ангийх. Түүний дүү мөн байранд ороод гурван жил болсон ч байрны ордероо аваагүй. Дээрхи хүмүүс бүгд “Материал импекс” компанийн барьсан “My Town” хотхоны 108, 103-р байрны гурван өрөө бүхий долоон байранд ашиглалтын зардлаа төлж амьдарч байсан агаад нэхэмжлэл нь Д.Ариунбаатар гэсэн нэрээр ирдэг. Тэрээр эхлээд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн хөдөлгөөний хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байгаад Өмчийн харилцааны газрын орлогч  даргаар дэвшжээ. 2016 онд хотын дарга Э.Бат-Үүлийн захирамжаар “барилга байгууламж хүлээн авах комисс”-ын гишүүнд томилогдож нийслэлийн орон сууцны фондод орох байрыг хүлээн авагч болжээ. Нийслэлд өөрийн орон сууцны фонд бий. Хотын мэдлийн дэд бүтцийг ашиглаж барилга, обьект, орон сууцны хороолол, хотхон барьсан компаниуд нийслэлтэй гэрээ байгуулж тодорхой тооны орон сууцыг өгдөг. Ийм маягаар 2015-2019 оны 30 гаруй орон сууцыг фондод төвлөрүүлсэн. Эдгээр орон сууцыг хотын даргын захирамжаар өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад дайчин болон нөхөн төлбөр зэргээр зорилтот бүлгийн иргэдэд хувиарладаг. “Материал Импекс” компанийн “My Town”  хотхоны долоон байр дээрхи маягаар хотын мэдэлд иржээ. Байрыг түлхүүр болон доторхи тавилгын хамт орлогч дарга Д.Ариунбаатар хүлээн авсан. Гэсэн ч  албан үүргийн  дагуу орон сууцны байрыг нийслэлийн өмчид бүртгэх ёстой атал бүртгэсэнгүй. Харин өөрийн мэт тарааж гарчээ. Хамт ажиллаж байсан хүн, ангийн найзын дүү бүр авлагандаа хүртэл өгч өрөө даржээ. Заримыг нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниар дамжуулж түрээслүүлжээ. Оршин суугчид нь ашиглалтын зардлаа төлж амьдарч ирсэн агаад худалдан авах хүсэлтэй хүмүүсийг “хүлээж бай, команийнхантай уулзуулна, тэгээд ордер гарна” гэсээр гурван жил болсон.  Ашиглалтын зардлын нэхэмжлэл нь өөрийх нь нэрээр гардагаас үзэхэд бүх байрны гэрчилгээг нэрээрээ гаргасан байж болзошгүй байна. Гэхдээ долоон байр нь нийслэлийн ч өмч биш “Материал импекс” компанийнх ч биш болж жонхуурчээ. Хот нь дээрхи долоон байрыг экс дарга Д.Ариунбаатар хувьдаа завшсан гэж үзэж 350 сая төгрөг нэхэмжилсэн. 2019 онд нийслэлийн цэвэрлэх байгууламж дээр осол болж амиа алдсан ажилтнуудын ар гэрт хотын захиргаа байр өгөх болсон. Гэтэл бэлэн байр байгаагүй тул 350 сая төгрөгөөр дөрвөн байр худалдан авч талийгаачдын ар гэрт өгсөн. Өдгөө энэ хохирлыг нэхэж байна. Гэхдээ шинэ хотхоны долоон байр үүнээс өндөр үнэтэй баймаар юм.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ