Монголын хамгийн азтай хүмүүс Д.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ажилладаг болж таарч байна. Мөн музейн захирал У.Сарантуяа ажилчиддаа хамгийн их шагнаж урамшуулдаг сайн даргаар тодрох нь. Тус музейнхэн 2019 онд гурвын гурван удаа гурван сарын цалингийн урамшуулал авчээ. Ажилтнуудаа ингэж их шагнахад их мөнгө хэрэгтэй. Энэ мөнгийг ч ядах юмгүй олжээ. Өнгөрсөн онд музей 75,7 сая төгрөгийн үндсэн үйл ажиллагааны орлого олохоор төсвөө зохион дээшээ явуулсан. Гэтэл төсвийг батлахдаа уг орлогыг хассанаас тайлант жилд төлөвлөгөөнд тусгагдаагүй 120 сая төгрөгийн орлого сул гарч иржээ. Энэ орлогоо нэмэлт төсвийн тайландаа тусган тухай бүрд эрх нээлгээд дуустал нь буюу 100 хувь зарцуулсан байна. Үүнээсээ 47,7 сая төгрөгөөр ажилтан ажилчдаа ийнхүү гурвантаа “баярлуулсан” аж.