Өдгөө хоригдож байгаа Ерөнхий сайд асан М.Энхсайханыг ганц муу машин худалдаж авсаны төлөө яллаа хэмээн баахан эсэргүүцэж шуугисан. Гаднаас нь харахад төсвийн мөнгөөр зах зээлийн үнээс илт өндөр үнээр албандаа машин худалдаж авах нь төрийн албаны бүх шатанд гардаг түгээмэл хэрэг. Харин энэ хэрэгт дотроос нь ухаж үзэхэд яах аргагүй албаны эрх мэдлээ хэтрүүлсэн нь тогтоогджээ. “ЕАС” компанийг 2007 онд Ерөнхий сайд асангийн дүү М.Чаминцэцэг төрсөн хүү О.Амарсайханы хамт үүсгэн байгуулжээ. Аялал жуулчлал, барилга, сургалтын үйл ажиллагаа явуулдаг гэнэ. 2010 онд Америкээс дээрхи машиныг оруулж ирэн хүү нь хоёр жил гаруй унасан байна. Энэ үед М.Энхсайхан нь “Тавантолгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллаж байсан. Тэрээр хамаатнуудаараа төслийн багийг бараг дүүргэх шахсан. Нагац дүү Э.Энх-Амар нь 2013 оны 7-р сард төслийн Санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын албаны даргаар ажилд орсон. Тэрээр М.Энхсайханы дүү Оюунцэцэгийн хүүхэд гэнэ. Ингээд хамаатнуудын хооронд буюу албаны дарга болон “ЕАС” компанийн захирал О.Амарсайхан нар “худалдах худалдан авах гэрээ” байгуулж Монголд хоёр жил унасан машиныг 130 сая төгрөгөөр худалдан авсан байна. Мөн О.Амарсайханы эгч Д.Отгонцэцэг нь нягтлангаар ажиллаж байсан агаад төрсөн дүүгээсээ машин худалдан авч байгааг огт мэдээгүй гэж мэдүүлсэн. Зах зээлийн үнэлгээгээр 2013 онд “Lexus LX570” машин 75 сая төгрөгийн үнэтэй байсан тул М.Энхсайхан нь улсад 55 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Улсын Ерөнхий сайд хийж байсан хүн ийнхүү хамаатан саднаараа нийлэн хоёр жил унасан хуучин машиныг анх авсан үнээс нь өндөр үнээр улсад шахжээ.