alim.mn | 2025.04.19
Экс менежер хийх ажил өгөөгүй хэмээн босстойгоо заргалдаад 45 мянган долларын нөхөн төлбөр авчээ

2010 онд Парисын сүрчигний “Interparfum” компанийн менежер Фредерик Деснар маш чухал үйлчлүүлэгчийг алдсанаар нэр хүнд нь ихээхэн унажээ. Удирдлага нь үнэлэхээ байж хамт ажиллагсад нь тоохоо больсон. Компанид эзлэх байр суурь нь унасаар дараа жилээс бүр хүндэрчээ. Сүүлдээ түүнийг хүн ч гэж тоохоо байжээ. Чухал үүрэг даалгавар өгөхөө болив. Компанийн хэрэгжүүлж байгаа нэг ч төсөл хөтөлбөрд оруулсангүй. Эцэсдээ хийдэг ажил нь захирлыг ирэхээс өмнө компьютер, планшетыг нь асаах, ажил хэргийн уулзалттай түнш, худалдан авагчдыг дагалдан явах үүрэг л оногдсон. Үүнээс болж тэрээр өөрийгөө хэнд ч хэрэггүй, хаягдсан гадуурхагдсан хэмээн үзэх болж сэтгэл санаагаар унасан. Улмаар эрүүл мэнд нь мууджээ. Энэ хугацаанд маш хурдан хөгширсөн гэнэ. Ийнхүү нэр төдий дөрвөн жил ажилласан болоод 2015 онд өөрийн хүсэлтээр халагдсан. Халагдангуутаа компанийгаа бус харин экс боссоо дэндүү уйтгартай, нэг хэвийн хэт бага ажил үүрэг гүйцэтгүүлж байснаас сэтгэл санааны болон эрүүл мэндийн хохирол учруулсан хэмээн нөхөн төлбөр нэхэж шүүхээр заргалджээ. Энэ зарга хэвлэлийн анхаарал татсан агаад бараг таван жил үргэлжилсэн. Ажилтнууд хэт олон цагаар ажиллуулсан, биелүүлэх аргагүй их үүрэг даалгавар өгч байсан хэмээн компани, удирдлагатайгаа шүүхддэг бол Фредерик харин эсрэгээрээ хийх ажил өгөөгүй хэмээн заргалдсан. Компьютер асаах, гадын зочдыг дагалдахаас өөр ажилгүй нь өөрийгөө компанидаа хэрэггүй хүн мэтээр үзэхэд хүргэж сэтгэл санаа, эрүүл мэндийг хохироосон гэх эмнэлгийн дүгнэлт ч гарчээ. Харин экс босс нь хийх ажилгүй гэдгээ удирдлагадаа мэдэгдээгүй гэж экс ажилтнаа буруутгасан. Гэсэн ч шүүх эмнэлгийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзээд “Interparfum” компанийг Фредерикт 36 мянган евро буюу 45 мянган долларын нөхөн төлбөр төлөхийг үүрэгджээ.

 

Эх сурвалж : https://www.dailymail.co.uk/news/article-8402269/Manager-awarded-36-000-payout-job-deemed-boring.html?ns_mchannel=rss&ito=1490&ns_campaign=1490


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ