ХБНГУ-ын Дрезден хотын шүүх 2019 онд 70 кг хар тамхи зөөж явсан Монголын хоёр дипломатчийг хар тамхи зөөвөрлөж явсан нь нотлогдсон гэж үзэн тус бүр 11 жилийн хорих ял оноожээ. Нэг нь улайхгүй сонгуульдаж яваа Д.Цогтбаатар сайдын жолооч. Гэмгүй төрхтэй Д.Цогтбаатар сайд оффшорт данстай нь илэрч, мөнгөнийхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй баларч байсан үе бий.
Өнгөрөгч 2019 оны эхээр Истанбул дахь дэд Консул Н.Баттүшиг, Д.Цогтбаатарын жолоочоор ажиллаж байсан С.Эрдэнэбаяр нар Герман руу 70 кг героин тээвэрлэж яваад баривчлагдсан. Н.Баттүшиг нь Д.Цогтбаатарын баруун гарын хүн Б.Баярсайханы баз хүргэн аж. С.Эрдэнэбаярыг 2009 онд Д.Цогтбаатар Гадаад яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдохдоо өөрийн жолоочоор сонгосон. Жолооч С.Эрдэнэбаяр нь 2010.07.28-ны Б/172 тоот тушаалаар Торонтод, 2010.12.31-ны өдрийн Б/412 тоот тушаалаар өөрийнх нь жолоочоор, 2011.03.18-ны өдрийн Б/35 тоот тушаалаар Лондонд, 2017.08.07-ны өдрийн Б/106 тоот тушаалаар сайд Д.Цогтбаатарын жолоочоор, 2018.08.14-ний өдрийн Б/154 тоот тушаалаар Истанбул дахь Ерөнхий Консулын газарт жолоочоор тус тус томилогджээ. Гайхалтай байгаа биз. Хүссэн үедээ гадаадад, хөөгдсөн үедээ Монголд ирж Д.Цогтбаатар сайдын жолооч бүрэн эрхтэй болдог ажгуу. С.Эрдэнэбаяр очсон газар болгондоо Элчин сайдынхаа үгэнд оролгүй томордог тухай Элчин сайд асан Т.Залаа-Уул нүүр номондоо бичжээ. Мөн 2009 онд Д.Цогтбаатарыг "Төрийн нарийн" байхад Польшийн Цагдаагийн газраас ГХЯ-нд ирсэн 69 хүний нэр бүхий материал дотор түүний жолооч С.Эрдэнбаярын нэр байсан учраас нам дарсан байжээ. Германчууд С.Эрдэнбаярыг зургаан удаа нутагт нь хар тамхи тээвэрлэн орсныг илрүүлжээ.
Д.Цогтбаатар сайд 2019 оны хоёрдугаар сард Мюнхен, Венад хуралд оролцох нэрийдлээр Европыг зорьсон байдаг. Германд очиж жолоочдоо өмгөөлөгч хөлсөлсөн төдийгүй, Прагад дуудан өмгөөлөгчтэйгөө жолоочийнхоо мэдүүлгийг үгсэн тохирсон гэж хардагддаг. Мөн дэд консул Н.Баттүшиг “Энэ хар тамхи Монголын Засгийн газрынх” гэж мэдэгдсэн нь анхаарал татдаг. Монголын төр засаг төгс биш ч, хар тамхи зөөхдөө тултал тартагтаа тулаагүй. Харин Салбар хариуцсан сайд нь холбоотой юм биш үү гэж хардагсад гарсаар байна.