Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалан, Монгол хөл хорио тогтоосон. Гэсэн ч гадаадаас сонгогчдоо төлөөлөн УИХ-д нэр дэвшихээр зориг шулуудсан улстөрчид бий. Тэдний нэг нь ”Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай, одоо УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигч. Тэрбээр 17 дугаар тойрог буюу Хөвсгөл аймагт нэр дэвшиж байгаа юм. “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай Тайландын вант улсын Бангкок хотод байгаа бөгөөд тус улсаас сонгуулийнхаа сурталчилгааг цахим хуудсаараа дамжуулан эхлүүлсэн. Л.Гүндалайгийн нэгэн адил “Зөв хүн электорат” эвслээс гадаадад ажиллаж, амьдарч буй гурван хүн энэ удаагийн сонгуульд нэр дэвшжээ. Тодруулбал, Шведэд ажиллаж амьдарч буй Ц.Нандинбаатарыг УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог буюу Налайх, Багануур, Багахангай дүүрэгт, Япон улсад ажиллаж амьдарч буй М.Ариунтуяаг Баянхонгор аймагт, мөн тус улсад амьдарч буй Р.Энхтуяаг Сүхбаатар аймагт нэр дэвшүүлжээ. Өөрөөр хэлбэл, гадаадад амьдарч буй дөрвөн хүн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байна.