
Английн Суррей гүнлэгийн Уэст-Клендон тосгон нь ахимаг оршин суугчид ихтэй намуухан бөглүүдүү газар юм. Тосгонд ирээд удаж байгаа Валери Петтит гэдэг хижээл эмэгтэй энэ оны эхээр нас барсан. Талийгаачийг эелдэг, гэм хоргүйн дээр ихээхэн шүтлэгтэй бас дуурьд их дуртай гэдгээс өөр зүйлийг тосгоныхон мэддэггүй байжээ. Залуудаа юу хийж байсныг нь асуухад насаараа ГХЯ-нд бичээчээр ажилласан л гэж хариулдаг. Талийгаачийг нас барсны дараа Английн тагнуулын алба болох MI6 нь Валери Петтитийн мэдээллийг дэлгэхэд тосгоныхон мэл гайхаж цэл хөхөрчээ. Сүмийн цуглааныг тасалдаггүй үг дуу цөөтэй эмгэн нь хүйтэн дайны үед ЗХУ-д ажиллаж байсан тусгай ажилтан явсан аж. Зүгээр ч нэг тагнуулч байгаад зогсохгүй барууны тусгай албадыг айлгадаг КГБ-г мад тавьсан чадварлаг нэгэн байжээ. Талийгаачийн төлөвлөж хэрэгжүүлсэн хамгийн алдарт ажиллагаа нь MI6-гийн нууц мэдээлэгч болох КГБ-ын хурандаа Олег Гордиевскийг 1985 онд ЗХУ-аас амжилттай оргуулж гаргасан. Энэ ажиллагааг “PIMLICO” гэж нэрлэдэг. Олег Гордиевский нь үнэ цэнийн хувьд эх орноосоо урвасан хэргээр 1963 онд буудуулсан мөн л КГБ-ын хурандаа болох Олег Пеньковскийн дараа орох чухал мэдээлэгч байсан. Хурандаа нь Англи болон Скандиновын орнуудад КГБ-ын зааварлагч-зохицуулагчаар ажиллаж байхад нь 1973 MI6 элсүүлж авчээ. Ингээд Английн талд бараг 15 жил ажилласан. Чухам Гордиевский л Англид сурвалжлагч, дипломатын халхавчаар ажиллаж байгаа КГБ-ын 31 тагнуулын тухай мэдээллийг олж өгчээ. Дээрхи тагнуулуудыг бүгдийг нь хөөн гаргасан агаад хариуд нь ЗХУ Английн 25 иргэнийг мөн хөөсөн. Гордиевский англичуудад маш үнэ цэнэтэй мэдээлэл өгч байсан тул 1985 онд заримыг нь Америкийн ТТГ-тай хуваалцсан нь хожим алдаа болсон. Английн нууц мэдээлэгчийн мэдээлэл америкчуудыг гайхшруулжээ. Мэдээж MI6 мэдээлэгчээ нууцалсан англичуудад ажилладаг КГБ-ын ажилтны талаар мэдээлэл цуглуулах ажиллагааг ТЕГ явуулжээ. Энэ ажиллагаанд Зөвлөлтийн талд нууцаар элссэн тусгай ажилтан Олдрич Эймс орж таарсан. Чухам тэр л англичуудад урвасан Олег Гордиевскийн тухай мэдээллийг КГБ-д өгсөнөөр бүр зүйл баларч эхэлсэн. Үүний дараа хурандааг Англиас Москва руу яаралтай дуудаж онгоцны буудлаас шууд баривчилжээ. Хожим Гордиевскийн хэлсэнээр бүр эрүүдэн шүүж байцаасан байсан ч хэргээ хүлээгээгүй. Түүнийг Английн талд ажилладаг гэх нотлох бодит баримт байхгүй тул арга буюу сулласан ч 24 цагаар хянаж мөрдөх болсон. Харин MI6 нууц мэдээлэгчээ аврах ажиллагаанд оржээ. Гэхдээ байнгийн хяналтанд байгаа хүнийг оргуулах нь маш хэцүүгийн дээр орголт урвасан гэдгийг нь шууд батлах эрсдэлтэй байсан. Гэсэн ч Гордиевскийг Зөвлөлтөөс нууцаар гаргахаар шийдэж энэ ажиллагааг Английн ЭСЯ-нд дипломат ажилтны халхавчаар ажиллаж байсан Валери Петтитд даалгажээ. Тэрээр маш их чармайж байж байнгийн хяналтанд байгаа нууц мэдээлэгчтэйгээ холбоо барьж чадсан. Хэрвээ Гордиевскийн зугтахыг хүсэж байгаа бол тогтсон өдөр, цагт Кутузовскийн өргөн чөлөөнд байдаг талхны дэлгүүр хавиар Английн “Safeway” дэлгүүрийн логотой тор барьж явах байв. Англид олон жил ажилласны хувьд экс хурандаад тийм жижиг сажиг зүйл их байсан. Тэр өдөр нь мягмар гаригийн 19 цаг 30 минут байсан агаад тогтсон цагт нууц мэдээлэгч нь харагджээ. Төлөвлөгөө ёсоор яг энэ үед түүний хажуугаар Английн бас нэгэн дэлгүүр болох “Harrods”-ын логотой тор барьсан хүн зөрч өнгөрчээ. Үүнийг Гордиевский харсан агаад энэ нь “PIMLICO” ажиллагаа эхэлсэний дохио байсан. Үүнээс дөрвөн өдрийн дараа КГБ-ын экс хурандаа уламжлалт өглөөний гүйлтэндээ гараад мөрдөлтөөс бултаж чадсан. Тэрээр галт тэргээр Ленинград/одоогийн Санкт-Петербург/ хотод хүрч тэндээс хот хоорондын автобусаар Зеленогорск хотод очжээ. Тэнд түүнийг Английн ЭСЯ-ны хоёр ажилтан эхнэрийн хамт диломат дугаартай машинтай хүлээж байв. Экс хурандааг тэр дор нь машины багажинд хийж хилийн шалганы хэт ягаан туяанд мэдэгдүүлэхгүйн тулд дулаан эсэргүүцэгч долгион ялгаруулдаг тусгай бүтээлгээр бүтээгээд Финлядын хил рүү хөдөлжээ. Хяналтын камер багажнаас юу ч илрүүлээгүй бол хилийн албаны нохой үнэр авч хуцаж гарсан. Энэ үед Английн дипломатуудын нэг эхнэр үнэрийг саармагжуулахын тулд багажны дэргэд чипс задалж нөгөө нь хүүхдийнхээ живхийг сольж гарчээ. Чипс болон живхны үнэрт багажинд байх хүний үнэр дарагдаж нохой хуцахаа больсоноор Зөвлөлт-Финляндын хилийг амжилттай давжээ. Финляндын нутагт ормогц хилийн шалган нэвтрүүлэхийн дэргэдэх ойд тэднийг “PIMLICO” ажиллагааг төлөвлөж зохион байгуулсан нууц ажилтан Валери Петтит угтжээ. Эх орноосоо урвасан хэрэгт сэжиглэгдэн 24 цагийн хяналтанд байсан этгээд зугтаж хил давсан нь КГБ-д бөөн шуугиан дэгдээжээ. Урвагчийг хамар доороосоо алдсан хэргээр хоёр генерал, гурван хурандаа, 10 гаруй офицер ажлаасаа халагдах, цол албан тушаал буурах арга хэмжээ авагдсан гэдэг.



