УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг : Өнгөрсөн хугацаанд Токио, Энэтхэг гээд 22 удаагийн нислэгээр 10,020 иргэдийг татаж аваад байна. Зургаадугаар сард нийт найман тусгай үүргийн нислэг үйлдэнэ гэж хэлж байсан. Иргэдийн хүсэлтийн дагуу тусгай үүргийн нислэгийг нэмэхээр боллоо. 6 дугаар сарын 20-ны өдөр Зүүн Өмнөд Азид байгаа монгол иргэдээ татаж авахаар боллоо. БНСУ руу транзит нислэг хийж тэднийг татан авна. Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн нэрс эцэслэгдэж байна. Зургаадугаар сард нийт есөн удаагийн нислэгээр 2,300 орчим иргэнийг татаж авахаар боллоо. 6 дугаар сарын 17-нд Хойд АНУ-аас ирэх иргэд болон 6 дугаар сарын 18-нд Сөүл хотоос ирэх иргэдийн нэрийг баталгаажуулж дуусаж байна. Мөн 6 дугаар сарын 20-нд Зүүн Өмнөд Азиас татаж авах иргэдийн нэрийг баталгаажуулж дуусаж байна. Сиэтлиэс 6 дугаар сарын 24-ний өглөө Улаанбаатарт ирэх иргэдийн нэрийг баталгаажуулж дууслаа. Транзит нислэгээр ирэх иргэдийн нэрийг аль болох эртхэн баталгаажуулж тухайн иргэдэд мэдэгдэх нь Сөүл хүртэл нисэж ирэх тийзээ худалдаж авах боломжийг нээж байгаа юм.
БНСУ-ын тал өмнө нь Монгол Улсын иргэн транзит зорчигчдыг хүлээж авахгүй тухай шийдвэр гаргаад байсан ч Монгол Улсын ГХЯ БНСУ-ын хууль зүйн яам болон ЭСЯ-тай дипломат шугамаар яриа хэлэлцээ хийсний үр дүнд албан ёсны зөвшөөрөл ирүүлсэн. Зөвшөөрлийн дагуу нэрс нь баталгаажсан хүмүүсийн мэдээллийг БНСУ-тай харилцан солилцсон. Ингэснээр тухайн иргэн гуравдагч улсаас буюу 6 дугаар сарын 17-нд АНУ-аас, 20-нд Зүүн Өмнөд Азиас ирэх зорчигчдыг Сөүл хүртэлх онгоцонд нь суулгах зохицуулалтуудыг энэ цаг мөчид хийгээд явж байна.
Зөвшөөрөл авах гээд транзит хоригийг цуцлуулах яриа хэлэлцээ хийгээд явж байхад БНСУ-ын талаас хүсэлтүүд тавьсан. Монгол иргэд Инчеон нисэх буудал дээр тусгай нислэг хийх бүрт замбараагүй байдал гаргаж байна. Жагсаал, цуглаан зохион байгуулах асуудал ч гарсан. Иймээс иргэддээ анхааруулаачээ. Ийм замбараагүй байдал үргэлжлээд байвал дараагийн тусгай үүргийн нислэг хийх зөвшөөрөл авахад хүндрэлтэй байна гэдгийг шат шатандаа мэдэгдсэн. Иймээс Солонгост байгаа иргэд энэ үйлдлийг гаргахгүй байхыг анхааруулж байна. Цаашид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг сунгагдаад явбал дараагийн тусгай үүргийн нислэг хийх төлөвлөгөө бэлэн болсон. БНСУ-д манай улсын маш олон иргэн байдгийг хүн бүхэн мэднэ. Тиймээс Солонгос руу хийх тусгай үүргийн нислэгийг хамгийн тэргүүн ээлжид авч үзнэ гэдгийг хэлье" гэлээ.