alim.mn | 2024.12.23
Б.Хурц, Ж.Эрдэнэбатыг өнөөдөр шүүж, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийднэ

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц болон Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбилэг нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.06.22/ Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Шүүх хурлыг 09:00 цагт товлосон бөгөөд хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас гадна С.Зориг агсны гэргий Б.Булган оролцох юм.

Тэднийг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилс хэрэг тулгасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Мөн өнөөдөр ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болно. 

Шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн 11:00 цагт зарласан. Гэвч шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй буюу шүүхийн дансанд 10 тэрбум төгрөг байршуулаагүй юм.

Мөн шүүгдэгч Б.Отгонбаатарын өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй, түүнчлэн шүүгдэгч Ж.Эрдэнэбат нь 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс буюу хэрэг шүүхэд шилжин ирснээс хойш ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, шүүн таслах ажиллагааг зохих ёсоор хүндэтгээгүй, шүүн таслан ажиллагаанд саад учруулсан гэх нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж үзсэн. Улмаар шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг. 

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.06.22/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Шүүх хурлыг 09:00 цагт товлосон бөгөөд өмнөх шүүх хурлаар Ерөнхий сайд асан С.Баяраас бусад шүүгдэгч болох С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарын гурван нэр дэвшигчийг цагдан хорих шийдвэрийг гаргаж, шүүх хурлыг хойшлуулсан юм.

Өнөөдрийн шүүх хурлаар тэдний гэм бурууг дэнслэхээс гадна гурван шүүгдэгчийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг  хэлэлцэнэ.

Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ