alim.mn | 2024.12.23
"Коёотэ Инвест" цамхаг ашиглалтад орвол "Рапид" хорооллын халаалт доголдох, хөлдөх өндөр эрсдэл гарна

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд байдаг хотхон, албан байгууллагуудын халаалт, хэрэглээний халуун усны шугамд том хэмжээний гэмтэл гарч халуун ус тасраад долоо хонож байна. Орон сууцны Конторын зүгээс ажлын хэсэг гарч гэмтлийн шалтгааныг олж, зохих мэргэжлийн болон хяналтын газруудад ханджээ. Учир нь "Коёотэ Инвест" ХХК-ийн төсөл хэрэгжүүлэгч "Саксесс Райдер" ХХК нь эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг зөрчиж барилга барьсан нь хэрэглэгчийн дулааны шугам сүлжээнд засвар үйлчилгээ явуулах, сольж шинэчлэх ажлыг хийхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэсэн байна. Энэ шугамнаас МҮОХ, Хөлбөмбөгийн холбоо, Төв цэнгэлдэх хүрээлэн, "Өжин мед" эмнэлэг, "Монгол Хьюндэй" компани болон Рапид харш хорооллын 3000 айл өрх, ААНБ-г халаалт, халуун усаар хангадаг. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гартал засварын ажлыг түр зогсоосон бөгөөд уг шугамтай зэрэгцээд Улаанбаатар хотын тролейбус болон Засгийн газрын ордон зэрэг олон объектуудын цахилгааны өндөр хүчдэлийн кабель байрладаг учраас УБЦТС компаниас ажил зогсоох зааварчилгаа өгчээ. Гол асуудал нь шугамыг өргөтгөж,шинэчлэхгүй бол "Коёотэ Инвест" цамхаг бүрэн ажиллаж эхэлсэн үед (тус компани нь стандарт шаардлага хангахгүй шугамаар өргөтгөл хийж, зөвшөөрөлгүй огтолгоо авсан) "Рапид харш" хорооллын халаалт доголдох, улмаар хөлдөх хүртэл өндөр эрсдэлтэй байгаа. Тийм учраас асуудлыг шийдвэрлүүлэхээр мэргэжлийн байгууллагуудад хандсан аж. Конторын инженер техникийн ажилчид баяр наадмын амралтын үеэр түр хугацаанд халуун ус тавих боломж байгаа эсэх талаар судалж холбогдох байгууллагуудтай зөвлөлдөж байна. УБДС ТӨХК, УБЦТС, НМХГ, МХЕГ, Хотын ерөнхий менежер Гантөмөр нарт албан бичиг хүргүүлжээ. Энэ талаар шаардлага тавихад "Коёотэ Инвест" ХХК ямар нэгэн засвар үйлчилгээ хийлгэхгүй манай эзэмшлийн газраас гар гэж ажилчдыг хашаанаасаа хөөж гаргасан байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ