Энэ сарын 5-нд дэлхийн цахимд Хятадын Шинжиан-Уйгарын автономит районд төрсөн 31 настай уйгар залуу Мердан Гаппарын Үрэмч хотын цагдаагийн газрын урьдчилан саатуулах төвөөс хийсэн бичлэг цацагджээ. Тэрээр өмнө нь мэргэжлийн бүжигчин байгаад дараа нь цахим худалдааны Таобао сүлжээнд загвар өмсөгчөөр ажиллаж ирсэн. Түрэг гэхээсээ илүүтэйгээр европ төрхтэй гэдгээрээ олны анхаарлыг тэр дороо татсан. Гэхдээ удирдлага нь түүнд өөрийн үндэс угсаагаа ил зарлахгүй байхыг байнга сануулдаг байжээ. Загвар өмсөгчөөр ажиллаад нэрд гарахын зэрэгцээгээр боломжийн мөнгө олжээ. Олсон мөнгөөрөө байр худалдан авах гэсэн боловч Шинжианд хятад бус үндэстэн үл хөдлөх хөрөнгөтэй болоход ихээхэн хэцүү тул найз хятадынхаа нэр дээр орон сууц худалдан авсан байна. Бизнес, урлагийн салбарт амжилт олсон уйгарчууд шууд л Хятадын нууц цагдаагийн хяналтанд ордог. Түүний дагуу 2018 онд Мерданыг хар тамхи худалдаалсан хэргээр баривчилжээ. Хэрэг нь хуурамч байсан тул удалгүй арга буюу сулласан. Гэсэн ч 2019 онд ахин Шинжианы цагдаагийн газраас дууджээ. Үүний дагуу Мердан Үрэмчийн нисэх онгоцны буудалд буусан даруйдаа баривчлагдсан байна. Түүнийг цагдаа нар хуяглан авч явахыг төрөл төрөгсөд нь харжээ. Баривчлагдсанаас хойш сураггүй явсаар энэ оны 2-р сараас төрөл төрөгсөдтөйгээ гэнэт холбоо барьсан байна. Тэрээр урьдчилан хорих төвийн камераас хийсэн бичлэгээ хамаатнууддаа явуулжээ. Мерданы баруун гар нь бугуйгаараа оронд гавлагдсан агаад зүүн гараараа гар утсаа барьж бичлэг хийсэн байна. Бичлэгт камерийн хуучирч будаг нь хууларсан хана харагдаж байна. Цонхыг нь төмөр сараалжаар торложээ. Бичлэгт хятад болон уйгар хэлээр суртал ухуулага хийж байгаа нь сонсогдож байна. Эмэгтэй хүний хоолойгоор Шинжиан нь хэзээ ч Дорнод Туркестан байгаагүй, харин эртнээс Хятадын нэгэн муж байсан хэмээн сурталчилж байна.
Мердан мөн гэрийхэндээ хоригдож байгаа нөхцлийн талаар мессэж илгээжээ.
Мердан ханиалгаад байгаагаа хэлэхэд түүнийг тусгай камерт оруулжээ. Тэндээс бичлэг хийж чадсан байна. Бичлэг цацагдсаны дараа сураг нь бүрэн тасарчээ. Хамаатнууд нь ахиж хэзээ ч уулзахгүй байх хэмээн айж байгаа нь үнэний ортой юм.
Эх сурвалж : https://www.bbc.com/news/world-asia-china-53650246