alim.mn | 2025.04.09
Х.Оргил-Эрдэнэд хахууль өгсөн Лиу Хонниан шүүх хуралдаанд уйлж “сайн хөрөнгө оруулагч” болохоо амлан 10 мянган маск хандивлажээ

Хятад хүн нэг засрахаараа сайн засардаг аж. ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэд 20 мянган юаны хахууль өгсөн БНХАУ-ын иргэн Лиу Хонниан шүүх хурал дээр сайн хүн болохоо амлаж уйлжээ. Түүний “Хэйлонг Жиан Жиней рөүд энд бридж” компани нь УБ-Дархан чиглэлийн 37 км авто замын ажлыг 13 сая доллароор хийж гүйцэтгэхээр авсан. Өнгөрсөн оны 12 дугаар сарын.24-ний өдөр ЗТЯ-нд хурал зарлагдаж хятад захирлыг дууджээ. Ахиад зам яригдаж гэрээ цуцлана гэж айлгах нь гээд Бээжин лүү бултахаар шийдэж хурлыг хаяад зугтжээ. Дөрөв хоногийн дараа Монголд ирээд хурал хаяж явсандаа Х.Оргил-Эрдэнээс “уучлал” гуйхаар шийдсэн гэнэ. Дээр нь яамны шинэ жилийн баяр болж байгааг далимдуулах гэжээ. Ингээд 20 мянган юанийг дугтуйнд хийгээд дээр нь нэрээ бичээд даргын өрөөнд орж ширээн дээр тавиад гарчээ. Тэр хоёр хэл нэвтрэлцсэнгүй. Сүүлд нь л хахууль өгсөнөө ухаарч цочролд оржээ. Хэрэг дэгдсэнээж хойш бүтэн нойртой хоноогүй л гэнэ. Бие нь муудаж “Интермэд”-д хэвтсэн л гэнэ. Энэ тухайгаа ярьж шүүх хурал дээр уйлжээ. Улмаар дахин Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж сайн хүн болохоо харуулна гэж амлажээ. Мөн коронавирустай тэмцэхэд зориулж УОК-д 10 мянган ширхэг амны хаалт хандивласнаа дуулгаж өөрийг нь “ойлгохыг” шүүх бүрэлдэхүүнээс гуйсан байна. Харин монгол даргын тухайд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 84 сая доллароор тавихаар УИХ-аар батлагдсаныг 63.8 сая долларт багтаан бууруулж гэрээ байгуулж чадсан түүхэн гавьяатай аж. Хэрэг гардаг өдрийн өглөө хятад захирлын орчуулагч залгахад “та нартай уулзахгүй” гэж томорчээ. Яаман дээрээ ирэхэд хятад компанийхан хүлээгээд зогсож байсан гэнэ. Өрөөндөө ороход Ли Хонниан дагаж оржээ. Тэрээр хаалга хаагаад боодолтой зүйл өгөхөд дарга гараараа түлхээд гутлаа солихоор тонгойх хооронд гараад явсан. Энэ зуурт дэд сайд Халтар дууджээ. Дэд сайдаас үүрэг аваад ирэхэд өнөөх боодолтой зүйл байж л байсан. Ингээд ажлын хэсгийхэндээ танилцуулахаар шийдэж шүүгээндээ хийсэн ч “танилцуулах” завдал болохгүй байсаар баригдсан байна. Хариуцсан замаа 2019 оны 11-р сарын 1-нд хүлээлгэн өгөх гэрээтэй “Хэйлонг Жиан Жиней рөүд энд бридж” нь жинхэнэ цүнх баригчийн компани байжээ. Ажлын туршлагагүй, өөрийн гэх техник, ажилчидгүй, бүх ажлаа туслан гүуйцэтгэгч нарт хувааж өгөөд ард нь захирал Ли Хоннион ганцхан цүнхээ бариад зогсож байдаг. Хятад захирал ч яамныхантай тоомжиргүй харьцдаг, дуудахаар ирдэггүй, ирэхээрээ хуралд суусан болоод элчин сайд дуудаж байна гээд яваад өгдөг. Яамныхан аргаа бараад Хятадын ЭСЯ-нд ховлоход “та нар яагаад ийм том ажлыг ийм ажлын туршлагагүй, техникгүй компанид өгсөн юм бэ” гэж амыг таглажээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ