alim.mn | 2025.04.09
Н.Номтойбаярыг УИХ-ын нэр бүхий 14 гишүүнд давуу байдал олгосон гэж яллажээ

Ял авсан экс сайд, гишүүн Н.Номтойбаярыг буруутгасан үйлдлийн нэг нь “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-д иргэнд 10 сая, аж ахуйн нэгжид 20 хүртэлхи сая төгрөг олгоно гэснийг зөрчиж улмаар 200 сая болгон өсгөсөн явдал юм. Ингэхдээ түүнийг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Шижиржаргал болон ажлын хэсгийнхэнтэй бүлэглэсэн гэж үзсэн. Энэ “бүлэглэл” нь “Дорнод Монгол нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо” ТББ, “ААНЦООМ” ХХК, “ ЭэжОюу Сайхан” ХХК, “Алтансүм” ХХК, “Амин Хэлхээ Байгаль сан”, “ЛЭЦ” ХХК, “Догсом трейд”ХХК, “ Монгол Сор Хөгжил Олон улсын академи” ТББ, “ Монгол Химикал” ХХК,“Хужирт-Таван-Эрдэнэ” ХХК, “Сэрмүүн өнгө” ХХК, “Эгшиглэн магнай” ХХК, “Хатуу төмөр” ХХК,“Чандмань эрдэнийн нөхөд нөхөрлөл” “ Гэгээн гарц” ТББ, “Алтай-Фүжи” ХХК, “Мөнхийн залуугоо үзэсгэлэн” ТББ, “Дүнжингарав тур” ХХК, “Жигүүр богд” ХХК, “Өндөрхаан хот тохижилт”ОНТҮГ, “АЗАТ” ХХК, иргэн М.Сарнайцэцэг, Т.Жаргалсайхан, Ч.Наранбаатар, Б.Тамир,Б.Болорцэцэг, Б.Цэцэгмаа, Э.Мөнхтуул, Г.Атармаа нарт давуу байдал олгосон гэжээ.  Уг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б нь “...Ингээд намайг нарийн бичгийн даргаар томилсны дараагаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга нар өрөөндөө дуудаж оруулаад яамнаас ирсэн шийдвэр тул яаралтай биелүүл гээд надад Улсын Их Хурлын гишүүд сайд нарын нэрийн жагсаалтыг харуулаад ямар нэг асуудал бол байхгүй, бүгд ардаа гишүүн, сайд нарын хамааралтай компаниуд тул шалгаруулалтыг хурдан хий гэж үүрэг өгсөн. Тухайн үзүүлж байсан жагсаалтад тухайн үеийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Н, хууль зүйн сайд Бямбацогт нарын нэр байсан болохоор би айгаад ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй үүргийг нь биелүүлсэн..., Флашинд хадгалж байгаа жагсаалтад шалгарсан 27 төсөл хөтөлбөр нь хэн хэн гэж хүний хамааралтай аж ахуйн нэгж болох талаар тэмдэглээстэй байгаа...” гэж мэдүүлжээ. Н.Номтойбаярыг АТГ-аас эхэлж дөрвөн үйлдлээр буруутгасан. Үүнд олгох зээлийн хэмжээг хууль зөрчиж өсгөсөн, улсад 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж улмаар УИХ-ын нэр бүхий 14 гишүүнд давуу байдал олгосон гэсэн. Дээрхи гишүүдэд Хүрэлбаатар, Хаянхярваа, Элдэв-Очир, Оюунчимэг нарын нэрс орсон байжээ.

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ