Нийтийн эрх ашиг нэг хүний эрх мэдлийн өмнө сөхөрдөг. Төрд данстай, түүхийн гэрч болсон газрыг дарга нар нь өмчлөөд авчихдаг ичих нүүргүй, этикгүй үйлдэл зөвхөн манай дарга нараас л гарах биз. Хотын удирдлагууд иргэдийнхээ амарч зугаалдаг, их жанжныхаа хөшөө дурсгал бүхий газрыг ухаж төнхөж эхэлсэнд Хан-Уул дүүргийн “Академи” хотхоны оршин суугчид ийнхүү арга мухардаж суугаа юм.
Хан-Уул дүүргийн 15дугаар хороо Удирдлагын академийн эсрэг талд хотын бэлгэ тэмдэг болсон Сүхбаатар жанжны хөшөө бүхий ногоон байгууламж байсан. Өнгөрсөн цаг дээр хэлсний учир нь оршин суугчид амарч зугаалдаг байсан энэ цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр сууриараа ганхаж, сул шороо болж үлдлээ. Энэ бол төрд зүтгэж, түмэнд үйлчлэх үүрэгтэй албан тушаалтнууд иргэдээс газрыг нь дээрэмдэж, өнгөрсөн түүх рүүгээ шороо цацаж буй үйлдэл гэдгийг оршин суугчид удаа дараа хэлж, хандаагүй газар гэж бараг үлдээгүй гэнэ. Гэвч үр дүнд хүрэхгүй байсаар сууриа цутгаж эхэлжээ.
Нийтийн эзэмшлийн талбайг булааж барилга барьж эхлээд сар гаруй болж байхад нийслэлчүүдийнхээ эрх ашгийг хамгаална гэж өндөр сэнтийд заларсан хотын удирдлагууд нэг нь ч ам нээсэнгүй. Гэтэл Хан-Уул дүүргийн 15дугаар хороо Удирдлагын академийн эсрэг талд байрлах нийтийн эзэмшлийн газрыг хувийн компанид шилжүүлсэн үйлдэл эхнээсээ будилаантай явж иржээ.
Анх энэ газар төрийн өмч буюу Удирдлагын академийн мэдэлд байсан ч 2010 онд тухайн үеийн Хотын захирагч Г.Мөнхбаярын 329 дүгээр тушаалаар “Билиг” гэх компанид олгосон байдаг. Ингэхдээ зөвхөн сургалт, конторын зориулалтаар ашиглана гэж 3962 мкв газрын эрх өгсөн. Түүнээс хойш арав гаруй жил өнгөрсөн ч “Билиг” компани энэ зориулалтаараа ашиглахгүй өдий хүрчээ. Харин энэ жил дөнгөж сар гаруйн өмнөөс л барилгын ажлаа эхэлж нийтийн эзэмшлийн талбайг буулгаж, оршин суугчдын тав тухыг алдагдуулж эрх ашгийг зөрчиж эхэлсэн талаар хэвлэлүүд цөөнгүй мэдээлсэн. Мөн Хотын дарга асан С.Амарсайхан өнгөрсөн гуравдугаар сард оршин суугчидтай уулзахдаа нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх, газар олгосон шийдвэрийг цуцална гэдгээ хэлсэн ч өнөөг хүртэл хэрэгжээгүй байна. С.Амарсайхан ажлаа дуусгалгүй Их Хурлын гишүүн болоод явлаа гэхэд арын албыг нь дааж, эрх ямбыг нь эдэлж үлдсэн Ж.Батбаясгалан оршин суугчдын эрх ашгийг хамгаалах ёстой баймаар. Гэтэл өчүүхэн ч “хөдөлгөөн” хийсэнгүй.
Хэрэв мэдэхгүй дээ дуугүй суугаад байгаа бол Хотын орлогч Ж.Батбаясгаланд Хан-Уул дүүргийн газрын маафааны зах зухаас сонирхуулах нь зүйтэй байх. Нэгдүгээрт, улсын өмчийн сургууль Удирдлагын академи газраасаа хувийн компанид яагаад шилжүүлсэн. Хоёрдугаарт, Газрын тухай хуульд зөвшөөрөл олгосноос хоёр жилийн дотор зориулалтын дагуу ашиглаагүй бол хүчингүй болгоно гэж заасан байдаг. Гэтэл “Билиг” компани Удирдлагын академийн газраас авсан газраа хоёр жил байтугай арван жил болоход зориулалтаар нь ашиглаагүй. 2010 оноос хойш сул байсаар өнөөдөр л зургаан давхар үйлчилгээний зориулалттай гэх барилга барьж эхэлжээ.
Түүхийн хөшөө дурсгалаа авч үлдэх талаасаа ч их жанжны хөшөө бүхий байгууламжаа сүйтгэхийг хараад сууж болохгүй. Тэр тусмаа МАН-ын 100 жилийн ой болох гэж байхад Сүх жанжныхаа хөшөөг цэцэрлэгт хүрээлэнтэй нь хамт буулгах гэж үү.
Хотын А зэрэглэлд байрлах Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Удирдлагын академийн эсрэг талын газарт ингэтлээ шунаж, эрх мэдэлтнүүд халдаж чаддаггүйн цаана том эрх ашиг, бизнес бий гэдэг. Цаад эзнээр нь хэд хэдэн хүний нэр яригддагийн дунд одоогийн НИТХ-ын дарга Р.Дагва байгааг хэвлэлүүд бичиж байна. Р.Дагва НИТХ-ын дарга болохосоо өмнө дээрх газрыг авсан гэх мэдээлэл цацагдаж буй.
Ингэж харвал эрх баригч намын хотын фракцыг өв залгамжилж буй Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НИТХ-ын дарга Р.Дагва нар хотын газраар тоглож эхэллээ. Тэд нийтийн эрх ашиг, намынхаа түүхийг сүйтгэхээс буцахгүй байгаагаас харвал хотынхны хувь заяа хаашаа ч эргэж мэдэхээр байна. Энэ үйлдлээрээ ирэх дөрвөн жил МАН олонх болбол нийслэлийн өнгөтэй өөдтэй газрыг тонож, өөрсдөө өмчлөөд дуусах нь.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.УЯНГА