
Мөн төлбөрийг нь бүрэн авчээ. Энэхүү толгой эргэм их тооны ард Ерөнхий сайд асан С.Баярын Оюутолгойн ордыг ашиглалтанд оруулах “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулахад олж авсан мэдээлэл, цаашид үүсэж болох нөхцөл байдал зэрэгт үндэслэн албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал үүсгэсэн нь тогтоогдсон гэ хуулийн байгууллага үзжээ. Тэрхүү эдийн засгийн давуу байдлыг багын найз Ч.Даваанямын хувь эзэмшдэг “Петровис трейдинг” компани хүртжээ. Тус компани нь “Айвенхоу Майнз Монголия Инк” -тай 2009 оны 9-р сарын 1-ний өдөр “ВРАNо0027” дугаартай “Шатах, тослох материал нийлүүлэх тухай” гэрээ байгуулж 2013 оныг дуустал хүчинтэй ажиллажээ. Энэ хооронд гэрээг 12 удаа сунгасан байна. Гэрээ байгуулсан нөхцөл байдал нь их сонин. “Айвенхоу Майнз Монголия Инк” буюу одоогийн Оюутолгой нь тендер зарлалгүйгээр С.Баярын найзын хувь эзэмшдэг компанийг сонгожээ. Ч.Давааням нь 418 тэрбум төгрөгийн шатахуун нийлүүлсэн гэсэн аудитын дүгнэлтийг эсэргүүцсэн. Түүний тооцоогоор 365 тэрбумын шатахуун нийлүүлсэн агаад үүнээс олон төрлийн зардлыг хасах ёстой гэнэ. Ингээд “Петровис трейдинг” гэрээний хугацаанд нийтдээ 15.7 тэрбум төгрөгийн ашиг олсон болж таарчээ. С.Баярын анхны эхнэр О.Гэрэлтуяа нь “Петровис” компанийн гадаад харилцаа хариуцсан захирлаар ажиллаж байсан. Харин охин Б.Нандин нь 2006 оноос эхлэн Ч.Даваанямтай хамтарч АНУ-д үл хөдлөх хөрөнгийн бизнес хийхээр тохирчээ. Ингэхдээ Ерөнхий сайдын охин менежмэнтийг хариуцаж харин Ерөнхий сайдын найз мөнгийг нь гаргахаар болсон. Бизнэсмэн эр ашгийн 85 хувийг, охин үлдсэн хувийг авахаар тохиролцсон. Тэд анхны байшингаа дараа жил нь худалдан авсан. Ер нь нийтдээ есөн байшин худалдаж авч Ч.Даваанямаас 13 сая доллар гарчээ. Гайхалтай нь олон байшин худалдан авч, дараа нь засаад түрээслүүлж бас зарж борлуулж байсан ч нэг ч долларын ашиг олоогүй гэнэ. Гэтэл Б.Нандин нь Нью-Йорк мужид 895 мянган доллароор худалдан авсан байраа нэг сая гаргаад зарж байсан. С.Баярын хоёрдахь эхнэр Э.Сувд болон Ч.Давааням, түүний эхнэр нь Сиэтл хотод 1,2 сая доллароор байр худалдан аваад дараа нь “Гүндэл” компанид бэлэглэж байжээ. Энэ компанийн эзэн нь С.Баярын залуу эхнэр болж таарсан. Ч.Давааням нь эхнэрийн хамт 409 мянган доллароор худалдан авсан байраа “Вода” компанид 480 мянгаар заржээ. Байр авсан компанийн эзэн нь мөн л Э.Сувд гэнэ. Америкаас авсан магадлагаагаар С.Баярын залуу эхнэр нь Вашингтон мужид “Гүндэл” гэдэг монгол нэртэй, “Вода”, “Небо” гэсэн орос нэртэй компанийг байгуулж бүртгүүлжээ.