alim.mn | 2025.04.19
Английн цагдаагийн газар нууц ажилтныхаа нууц ажиллагааны үеэр “хийсэн” хүүхдэд нөхөн төлбөр олгожээ

Их Британы цагдаагийн газар буюу Скотланд Ярд өдгөө 26 настай залуугийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч их хэмжээний мөнгийг нөхөн төлбөр болгон өгчээ. Энэ хэрэг явдал 1980 оны цагдаагийн нэгэн нууц ажиллагаанаас үүдэлтэй гэнэ. Тухайн үед удирдлага нь тусгай ажилтан Боб Ламбертэд байгаль-орчин,зэрлэг амьтдын эрхийг хамгаалах хэт туйлширсан анархист үзэлтнүүдийн байгууллагад нэвтрэн орж тагнах үүрэг өгчээ. Эдгээр байгууллагууд нь байгаль орчныг бохирдуулагч компаниудын үйлдвэрүүдийг нь шатаах, дэлбэлэх зэрэг хүч хэрэглэсэн хатуу арга хэмжээ авахыг шаардаж уриалдагаараа эрх баригчдын анхааралд өртөөд байсан. Тусгай ажилтан Боб Ламберт тэр дороо эко-тэмцэгч Боб Робинсон болон хувирч тэдний дунд нэвтэрч гишүүнээр элсжээ. Ингээд эко-анархистуудын талаар мэдээлэл дамжуулж тагнаж эхэлсэн. Энэ ажиллагааны үеэр байгаль орчныг хамгаалахын талөө цогтой тэмцэгч бүсгүйтэй танилцаж дотносжээ. Нууц ажилтан гүйцэтгэх ажиллагааны зардал хэмээн их мөнгө авч байсан тул түүгээрээ бүсгүйг эргүүлсээр улмаар хамтран амьдрах болжээ. Жилийн дараа хүүтэй болсон. Харин нэг жилийн дараа эрх баригчид эко-анархистуудыг хий хоосон сүржигнэхээс өөр аюул заналгүй гэж үзээд тусгай ажиллагааг зогсоож эко-тэмцэгч Боб Робинсон ч “тэмцэл” болон гэр бүлээ хаяад усанд хаясан чулуу мэт алга болов. Харин эцэггүй өссөн хүү нь насанд хүрсэн хойноо тохиолдлоор энэ түүхийг мэдэж сэтгэл санааны гүн цочролд оржээ. Тэрээр энэ хорвоод эцэг эхийнхээ тэр тусмаа аавынхаа хайр хүслээр бус харин ердөө л цагдаагийн нууц ажиллагааны “ачаар” л мэдэлсэн болж таарчээ. Өөрийг нь хайрлан өсгөх үүрэгтэй эцэг нь сайн аав-эко тэмцэгчийн дүрд чадварлаг тоглосон цагдаа байсан. Улмаар хаяж явсан, эко-тэмцэгч аавтай гэж олон жил тээж явсан итгэл, бахархал нь худал болж хууртагдан сэтгэл санааны маш их хохирол амссан хэмээн гол буруутан болох цагдаагийн газраас нөхөн төлбөр нэхэмжилж шүүхэд ханджээ. Скотлонд-Ярд ч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч бушуухан мөнгөн төлбөр төлж хэргийг намдаасан байна.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ