Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “ГЁТЕ” дунд сургуульд сурдаг хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг “Монголросцветмет” ТӨҮГ-аар төлүүлсэн баримт ил болсон. Энэ асуудлаас үүдэн түүнийг сайдын суудлаас огцорч, сургалтын төлбөрийг буцаан төлөх ёстой гэдэг шүүмжлэл өрнөж эхэлсэн. Тэгвэл Г.Ёндон “Монголросцветмет” ТӨҮГ-аар төлүүлсэн хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 10 сая 700 мянган төгрөгийг “Монголросцветмет” ТӨҮГ-ийн дансанд буцаан шилжүүлжээ. Энэ талаар Г.Ёндон "Өөрийгөө буруу зүйл хийсэн гэж бодохгүй байна, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээний дагуу зохицуулагдсан зүйл" хэмээн тайлбар өгч байсан юм. Г.Ёндон нь 2018 оноос “Монголросцветмет” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байсан бөгөөд 2020 оны долоодугаар сарын 08-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон юм.