“Оюутолгой” төслийн Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж ажиллах ТУЗ-ийн гурван гишүүнийг сонгон шалгаруулалтаар тодруулсан ч Ерөнхийлөгч асан Н.Багабанди дахин сонгогдсон нь араасаа шүүмжлэл дагуулав. Сонгон шалгаруулалт зарлахад нийт 40 гаруй хүн материалаа ирүүлснээс Ерөнхийлөгч асан Н.Багабанди, “Аспайр Майнинг” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан З.Ган-Очир, ЖиПи Морган компанид ажиллаж байсан Э.Баясгалан нар тэнцэж, Засгийн газар өнгөрсөн Лхагв гаригийн хуралдаанаараа тэднийг Оюутолгой төслийн ТУЗ-ийн гишүүнээр томилов. Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хувьд гурав дахь удаагаа дээрх төслийн Монголыг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүнээр ажиллах юм. Тэрбээр 2008-2012 он хүртэл, мөн 2016 оны наймдугаар сараас өнөөг хүртэл тус төслийн ТУЗ –ийн гишүүнээр томилогдон ажилласан. Харин сая дахин томилсноор 2024 он хүртэл ажиллах болж байна. Э.Баясгалан, З.Ган-Очир нарын хувьд анх удаа Оюутолгой төслийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллана. Засгийн газраас сонгон шалгаруулалт зарлах үеэр сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгойн Монголын талын гурван ТУЗ-ийн гурван гишүүнийг бүгдийг солино” гэх амлалт өгч байсан ч чадсангүй.