Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд СХД-ийн 2000 иргэн шаардлага хүргүүлсэн байна. Эдгээр иргэдийн зүгээс МАН-ын удирдлага нь зүтгэсэн хүмүүсээ зүхэж, зугтсан нь зоолж байгаа өнөөдрийн цаг үеийг өөгшлүүлж байна. Нам нь ялагдал хүлээж, гишүүд, дэвжигчид нь гудамжинд байхад намаасаа нүүр буруулж явсан олон хүн өнөөдөр албан тушаал авч, ажилтай болчихоод байна. Гэтэл намынхаа төлөө өнгөрсөн он жилүүдэд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн нь өнөөдөр ажилгүй, албан тушаал байхгүй, бас дээр нь зүхэгдэж, зүхүүлж, доромжлуулж байна. Энэ нь шударга ёс биш.
Өнөөдөр МАН-ын удирдлагаар ажиллаж байгаа хүмүүсийн дийлэнх нь 2012-2016 онд нам нь гудамжинд байхад хаана байсан вэ? Ихэнх нь биеийн амар, сэтгэлийн жаргалыг бодож, гадаадад боловсрол эзэмших нэрээр зугаалж явсан. Харин 2016 онд нам нь ялахад гадаадаас ирээд хоймор гараад суучихсан. Харин 2012-2016 онд ачааны хүндийг үүрч байсан залуус нь хөөгдөж гарчихаад, нэг хэсэг нь шоронд хилс хэрэгт ял тулагдаад сууж байна хэмээн Сонгинохайрхан дүүргийн иргэд бухимдаж байна. Сонгинохайрхан дүүргийн 2000 иргэн Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд намынхаа гишүүдийг хамгаалах тал дээр анхаарч, арга хэмжээ авахыг шаардаж шаардлага хүргүүлж байгаа гэнэ.
Тодруулах юм бол Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс Ц.Сандуй, А.Ганбаатар нарт 4 жилийн хорих ял оноосон. Уг нь 60 тэрбумын гэх бичлэгт буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэтэл уг буруутгасан зүйл ангиар нь ял өгч болохгүй болохоор шүүгч нар эрүүгийн хуулийн 14,9 буюу сонгууль будилаантуулсан хэмээн буруутгаж Ц.Сандуй нарт ял өгчихлөө. Хэрэв Ц.Сандуй сонгууль будилантуулсан юм бол МАН үүнийг л хийсэн гэсэн үг. Хэрэв тийм бол МАН-ын татан буулгах асуудал хөндөгдөх эрсдэлтэй. Иймээс л МАН сонгууль будилаантуулж өнөөдрийн эрх мэдлийг аваагүй гэж байгаа л бол намынхаа гишүүн, 2016 онд МАН-ыг нийслэлд ялуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн хүнээ нам нь хамгаалах ёстой. Түүнээс залуусаараа туг тахиад өнгөрч болохгүй хэмээн 2000 иргэн санал нэгдэж, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж байгаа гэнэ. Бичлэг сонссон гэдгээр ял өгөх юм бол Монгол улсын бүх иргэн л уг аудио бичлэгийг сонссон. Тэгэхээр Монгол улсын хүн бүр ял авна гэсэн үг үү? Эсвэл намын хүмүүс сонссон гэх юм бол тухайн үеийн намын дарга М.Энхболд, мөн одоогийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, тухайн үеийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат гэх мэт хүмүүс яагаад хэргээс мултарч байгаа хэрэг вэ? Шударга л зарчим ярих бол бүх хүн хариуцлага хүлээх ёстой. Түүнээс зүтгэсэн нэгнээрээ туг тахиж, асуудлаас мултарч гарч болохгүй хэмээн СХД-ийн 2000 иргэний төлөөлөл хэлж байлаа. Тэд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхээс 3 хоногийн дараа албан хариугаа авах юм байна. Үүний дараа шат шатны арга хэмжээ авахаа илэрхийлж байлаа.