Олон Улсын Парламентын Холбооны Удирдах зөвлөлийн 206 дугаар ээлжит бус цахим хуралдаан өчигдөр (2020.11.01) Улаанбаатарын цагаар 19:00 цагт эхэллээ. Дөрвөн өдрийн турш үргэлжлэх уг хуралдаанаар Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч болон Гүйцэтгэх хорооны хоёр гишүүнийг шинээр сонгох, Удирдах зөвлөлийн 205 дугаар хуралдааны тайланг батлах, Парламентчдын Хүний эрхийн хорооны илтгэлийг сонсох, ОУПХ-ны 2021 оны ажлын хөтөлбөрийг батлах зэрэг бусад асуудлыг хэлэлцэх юм. ОУП-ын Холбооны Удирдах зөвлөлийн 206 дугаар ээлжит бус цахим хуралдаанд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж, Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Ч.Ундрам нар оролцож байна.УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ОУПХ-ны Ардчилал, Хүний эрхийн байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр 2018 онд сонгогдсон юм.
ОУПХ нь 1899 онд байгуулагдсан, 179 орны парламентыг эгнээндээ нэгтгэсэн, дэлхийн парламентын хамгийн том байгууллага юм. Манай улс ОУПХ-нд 1962 онд элсэж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцсоор ирсэн билээ.