УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнгөрсөн Лхагва гаригийн хуралдаанаар Улсын Дээд Шүүх (УДШ)-ийн шүүгчид нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УДШ-ийн шүүгчид нэр дэвшүүлсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогтыг дэмжсэн бол хуульч С.Батхүлэгийг эрх ашгийн зөрчилтэй хэмээн тодотгож, нэрээ татахыг шаардсан юм. Тэгвэл өнөөдөр /2020.11.03/ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дахин С.Батхүлэгийн нэрийг нь оруулж ирснийг гишүүд эсэргүүцэв.
Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн хэлж байгаагаар “Хууль зөрчиж байгааг нь мэдсээр байж Шүүхийн ерөнхий зөвлөл энэ хүнийг оруулж ирээд байна. Хэрэв энэ асуудлыг хойшлуулбал, танилцвал өөрсдөө хууль зөрчинө” гэж гишүүд Улсын дээд шүүхийн шүүгчийг томилох хуралдааныг орхин гарав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Нэр дэвшигчийн тухайд хуулийн болон ёс зүйн шаардлага хангахгүй байна. Би өөрийг нь нэрээ тат гэсэн. Ичихгүй, улайхгүй орж ирээд байх юм. Шүүгч нараас ич л дээ. Би ялгаварлан гадуурхаагүй. Биеэ даасан байр суурьтай хүн биш байна. УИХ-ын босго өндөр байх ёстой. Хэн хэнээ эвгүй байдалд оруулмааргүй байна. Та бол иргэн Батхүлэг биш, Дээд шүүхэд нэр дэвшигч. Тийм л учраас хэлээд байна. Хувь хүнийх нь хувьд хүндэтгэж байна. Байнгын хорооны танхимд хоёр дахь удаагаа ирлээ. Танай байгууллагатай холбоотой олон төсөл хөтөлбөр шүүхэд орж ирнэ. Та өөрөө 40-өөд хэрэг дээр нь өмгөөлөгчөөр оролцсон байна. Дахиад ч таны өмнө нь ажиллаж байсан байгууллагын асуудал орж ирнэ. Энэ нь сонирхлын зөрчил үүсгэнэ” гэв.
Гишүүд ийн эсэргүүцснийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр УИХ шүүгчийн томилгоо руу ордог болж байгааг онцлоод тэрбээр “С.Батхүлэг 2006 оноос хойш 14 жил өмгөөлөгчөөр ажилласан гэсэн холбогдох бүх байгууллагын дүгнэлтүүд нь байсан. Үндсэн хуульд хуульчдаас шүүгчийг шилж сонгох чиг үүрэг нь ШЕЗ-д бий. Ерөнхийлөгч шүүхчийг бүх насаар нь томилох, зарлиг гаргах эрхтэй. Гэтэл УИХ шүүгчийг томилуулахгүй байх асуудал руу орж байна. УИХ-ын гишүүд танилцах л үүрэгтэй.Би нэрийг нь өөрчлөх боломжгүй, эрх ч байхгүй. Яагаад гэвэл Шүүхийн мэргэжлийн хороо өнгөрөгч тавдугаар сард шалгалтаа авч нэр дэвшигчдийн нэрсийг өгсөн. Эдгээр нэр дэвшигчээс олонхын санал авсан хоёр нэр дэвшигчээ тавдугаар сард УИХ-д оруулж ирсэн. Гацааж байгаа нь УИХ өөрөө" гэсэн юм.