Монголд төрийн өмчит хоёрхон компанийн л дархлагдсан хоёр дарга байдаг. Тэд юу ч хийсэн хэрэгт татагдадгүй, ял авдаггүй, сайндаа хэвлэлээр шуугиад л дуусдаг. Энэ бол Эрдэнэт үйлдвэр, УБТЗ-ийн дарга8 захирал хоёр. Учир нь тэдэнд эрх мэдэл мөнгө бий, Оростой хамтарсан гэх нэрийн дор шахаа хийж болох асар том шуудай шиг үйлдвэр бий. Тэр шуудай руу юм чихэхээр эрх мэдэлтнүүд, улстөрчид бүгд л дайрдаг. Ийм болохоор шуудайныхаа эздийг ил өмөөрч чадахгүй ч далдуур улайран хамгаалдаг. Х.Бадамсүрэн үйлдвэрийх нь шилэн дансны мэдээлэлд орсон охиных нь төлбөрийг хэрэгт дуртай нэг нь ухаад үзчихнэ, олоод харчихна гэдгийг мэдэж л байсан. Гэсэн ч тоолгүй оруулсан байна. Эсвэл санхүүгийнхэн нь хэлэлгүй оруулсаныг дараа нь мэдсэн ч тоогоогүй байх. Бусад улстөрчид тэрбумаар бараа шахаж байхад өөрийн хэнз охиндоо 100-хан саяыг зарцуулахад яадаг юм гэж бодоо биз. Улаанбаатар суугаа дарга нарын шахааны дэргэд охиных нь төлбөрийн хэмжээ инээд хүрмээр эд. Хотын шахаачид ч мөнгөнийх нь тоог сонсоод инээд нь хүрээ биз. Өдгөө тэд олон нийтийн өмнө Х.Бадамсүрэнд хариуцлага тооц хэмээн орилох ч цаагуураа хариуцлага тооцуулахаар нэг хуруугаа ч хөдөлгөхгүй. Х.Бадамсүрэн суудлаа хэвээрээ хадгалахын тулд ордноор гүйж байна гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Монголын хамгийн том “шуудайны эзэн” хүн гишүүд сайд нарын өрөөний хаалгыг онголзуулж тэгж доошоо орохгүй байх. Зүгээр хэдэн удаа л утас цохисон байж магадгүй. Өдгөө түүнийг суудалдаа хэвээр үлдэнэ гэх мэдээлэл цацагдаад эхэлсэн шүү ...