Дөрвөн настай охин хоёр хоног хоолгүй, өлссөн байдалтай байсныг албаныхан олж, түр хамгаалах байранд хамгаалалтад авчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 35-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Н-ийн гэрт байсан дөрвөн настай хүүхдийг онцгой байдлын албан хаагч олж, түр хамгаалах байранд хамгаалалтад авсан байна. Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалтын төвийн сургагч багш, ахмад Б.Үүрийнгэгээгээс тодрууллаа. Тэрбээр “Түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэх шалгалт, галын аюулаас сэргийлэх нэгдсэн арга хэмжээний үеэр тухайн айлд хоёр өдөр дараалан очсон. Намайг очиход дөрвөн настай эмэгтэй хүүхэд газарт хэвтсэн, даарсан, хоёр хоног хоол идээгүй өлссөн байдалтай байсан. Дэргэд нь өөрийгөө илэрхийлэх чадваргүй хөгшин хүн байсан. Намайг (2020.11.04) гэрт нь очиход охин газар хөдөлгөөнгүй хэвтчихсэн, хажууд нь хутга байсан. Тиймээс охиныг хүүхдийн тусламжийн утас 108-д мэдэгдэж, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн. Охин тураалтай буюу жингийн дутагдалтай, биеийн хэсгээр шарх сорвитой байсан. Охиныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгсний дагуу хамгаалах байранд тусгаарлаад байна. Гэр орны нөхцөл байдал хүнд, цахилгааны аюулгүй байдал хангагдаагүй байсан. Охиныг нэг сарын хугацаанд хамгаалалтад авна. Ээж нь согтуу ирээд, хүүхдээ авна гэж хороон дээр очсон байсан” гэв.