Сонгуулийн хөшигний арын “зодоон”

Хагас жил хүрэхгүй хугацааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Мэдээж одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын гол өрсөлдөгч МАН-аас гарна. Хэрэв Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэвшихгүй тохиолдолд Ерөнхий сайд асан Сү.Батболд нэр дэвшинэ хэмээн улс төрийн хүрээнийхэн бор шувуу нисгэж байна.
Тэгвэл Ерөнхий сайд асан Сү.Батболдын хамаарал бүхий компаниудыг яг энэ цагт хууль хяналтын байгууллагууд шалгаж эхлээд байгаа нь үйл явдлыг нотолж буй. Тиймээс шүүх, прокурорыг удирддаг Х.Баттулгын эхлүүлсэн нүүдлийг сийрүүлж үзье.
Ерөнхийлөгч Х.Баттулгад Сү.Батболдыг намнах 3 боломж бий. Нэг “Чингис хаан зочид буудал”, хоёр “Оффшор данс”, гурав “Оюутолгойн гэрээ”. Гэхдээ буруу нүүвэл тэр өөрөө ч унах нүхээ ухах юм.
#НЭГ:
Сү.Батболд “Чингис хаан” зочид буудлыг маш хямдаар хувьчилж авсан тухай асуудал одоо ч яригддаг. Хэрэв Ерөнхийлөгч Х.Баттулга үүнийг сөхөж сум тавьбал өөрөө “халтирах” эрсдэлд орох юм. Мөн адил хямдаар хувьчилж авсан түүний “Баянгол зочид буудлын” асуудал эргэн сөхөгдөнө. Тиймээс тэр энэ асуудлыг тойрох магадлалтай.
Оффшор данс. Х.Баттулга сонгуулиас өмнө оффшорчдын мөнгийг оруулж ирэх нэрийдлээр Сү.Батболдын “Boroo Mongolia Mining”, “Mongolia Gold Holdings” зэрэг компаниудын асуудлыг сөхөж болох юм. Энэ нь бас эрсдэл дагуулна. Учир нь Х.Баттулга өөрийн үүсгэн байгуулсан "Камекс" компани болон хамаарал бүхий этгээдийн нэр дээр оффшор данс байгуулсан байдаг. Монголын жудо бөхийн холбооны Б.Бөхбат, Х.Баттулгын бизнесийн түнш Ард нэрээр олонд танигдсан Батсүх болон өөрийн нэр дээрээ тэр оффшор данстай гэдэг нь нотлогдсон. Оффшор бүсэд Х.Баттулын дор хаяж 1.1 тэрбум доллар байдаг тухай олон асуудлууд баримтын хамт хэвлэлээр цацагдаж байсан ч тэр энэ асуудалд хариу тайлбар өгөлгүй дарагдуулсан билээ.
Оюутолгойн гэрээ. Х.Баттулгын түрүүлж хөдөлсөн барьц бол энэ. Ерөнхий сайд асан С.Баяр 2018 онд Оюутолгойн гэрээний асуудлаар баривчлагдсан нь факт. 2009 оны 10-р сард гэрээ байгуулагдсан тухайн үед С.Баярын засгийн газрын гадаад харилцааны сайдаар Сү.Батболд ажиллаж байв. Тухайн үеийн албан тушаалаар нь” гуядах” боломж байна гэсэн үг. Эх сурвалжийн мэдээллээр Ерөнхий сайд асан Сү.Батболдыг ч бас С.Баяртай адил зүйл ангиар буруутгаж буй бололтой. Сануулахад яллагдагчаар татах прокурорын тогтоолд “Оюу толгойн гэрээ байгуулагдах нь тодорхой болмогц Ерөнхий сайд асан С.Баяр нь өөрийн найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн Петровис ХХК-ийг Айвенхоу Майнз ХХК-тай их хэмжээний үнийн дүн бүхий шатахуун нийлүүлэх тухай гэрээ байгуулуулан албан тушаалаа урвуулан ашигласан” гэж дүгнэсэн байдаг билээ.
Ямартай ч Ерөнхий сайд асан Сү.Батболдыг Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар шалгасан байна. Мөн Сү.Батболдыг гэм буруутай гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Харин Нийслэлийн прокурорын газраас уг хэргийг саяхан шүүхэд шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ