Ирэх онд Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Энэхүү сонгуульд УИХ-д суудалтай МАН, АН, ХҮН болон МАХН-аас нэр дэвших боломжтой. Тэгвэл эрх баригч нам буюу 2020 оны УИХ-ын сонгуульд 62 суудал парламентад авч ялалт байгуулсан МАН-аас хэн дэвших гэдэг нь олны анхаарлыг татсан хэвээр байна.
Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Монголын "Үнэн" сонинд өгсөн ярилцлагадаа тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой таван хүнийг нэрлэжээ. Тодруулбал У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Ц.Нямдорж, С.Батболд, Ө.Энхтүвшин нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хэмээн ярилцлага өгсөн байна.
МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг хамгийн өндөр явж байгаа бол, УИХ-ын дарга Г.Занданшатарын тухайд нэр цэвэр, элдэв асуудалд орооцолддогүй нэгэн харагдаж байна.
Д.Амарбаясгалан: Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд над дээр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тэр тэр хүнийг нэр дэвшүүлээч гэж намын гишүүдээс санал, хүсэлтүүд ирж байгаа. Манай намын хувьд нэр дэвшүүлэх боломжтой кандидат олон байна. Нэгдүгээрт, манай намын гишүүд, улстөрчдийн зүгээс МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлээч гэсэн хүсэлт олноор ирж байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлэх ёстой гэсэн санал, хүсэлтүүд ирж байна. УИХ-ын даргын хувьд бүрэн боломжтой. Мөн намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийн нэр ч энэ дунд яригдаж байна. МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдын нэрийг дэвшүүлэх санал ирж байна. УИХ-ын дарга, ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж гуайн нэр яригдаж байна. Ө.Энхтүвшин даргын нэр бас яригдаж байна" гэжээ.