2019 оны намар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь хүүхэд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр кино бүтээх тендерийг зарлахад “Ай фай продакшн”, “Цэлмэгмоушн” ХХК, “Айслинз” ХХК оролцжээ. Ингээд жүжигчин Б.Амарсайханы “Ай фай продакшн” шалгарч тэр оныхоо өвлийн сүүлээр 266 сая төгрөгийг төсвөөс авсан. Тэгвэл кино хийгдээд дуусчихсан аж. Энэ оны 8-р сарын 14-нд ГБХЗХГ нь “Түнтүүлэй” гэх уг киноны үлдэгдэл санхүүжилт болох 33,7 сая төгрөгийг “Ай фай продакшн”-д шилжүүлсэн байна. Агентлагийн дарга М.Энх-Амарын тушаалаар киног хүлээн авах ажлын хэсэг хүртэл байгуулагджээ. Ажлын хэсгийг Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ш.Чинбат ахалсан. Тэрээр бодвол киног үзээд хүлээж авсан биз. Харин тушаалын хоёрдахь хэсгээр хүлээн авсан киног нийгэмд түгээхийг Гэр бүл, хүүхэд хөгжил хамгааллын газрын дарга Н.Өлзийхутагт даалгажээ. Гэсэн тэрээр киног олон нийтэд үзүүлэх үүргээ биелүүлээгүй, эсвэл жүжигчин Б.Амарсайхан бүх санхүүжилтээ авсан атлаа “Түнтүүлэй” гэж киног хийгээгүйгээс та бид тэрхүү гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлдэг, соён гэгээрүүлдэг маш чухал киног одоо болтол үзээгүй л явна.