Хөл хорьсон онцгой дэглэм үйлчилж байх үед олноороо цуглан цахим мөрийтэй тоглоом тоглож байсан арван хүнийг 2020 оны арван нэгдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Эрүүгийн цагдаагийнхан илрүүлсэн тухай мэдээллээ.
Цахим мөрийтэй тоглоом тоглож байсан эрхмүүдийн дунд жүжигчин Чапи буюу Х.Ихбаяр, “Мистер догс” хамтлагийн Хойлогоо буюу Ц.Хойлогдорж нар байсан бөгөөд Чапи-г саатуулсан ч батлан даалтаар суллагдсан тухай сайт мэдээлэлдээ дурдсан байна.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ үед олон нийтийн хүндэтгэлийг хүлээсэн дээрх эрхмүүд нь ард иргэдийнхээ сэтгэл зүйг тайван байлгах тал дээр үлгэр дуурайлал болж байх ёстой байсан.
Гэвч эдгээр эрхмүүдийг Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэг, 20.17-д заасан Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэсэн заалтаар хариуцлага хүлээлгэхээс гадна, Гамшгийн тухай хууль, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг зөрчсөн үйлдэлд нь ч давхар хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй юм байна.
Уг хуулийн 12.2.1-т зааснаар “эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх” үүрэгтэй.
Хэрвээ үүргээ биелүүлээгүй тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр биш болд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй юм.
Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл.Мөрийтэй тоглоом зохион байгуулах
1.Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.7-д зааснаар “онц байдал, гамшиг, аюулт үзэгдэл, нийтийн эмх замбараагүй байдлыг далимдуулан үйлдсэн” бол хүндрүүлэхн нөхцөл байдалд тооцогдоно.
Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих хэсгийн 2-т “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.
Дэлхий даяар тархаад байгаа Коронавирусийн халдвараас Монголчууд арван сарын турш урьдчилан сэргийлж, халдварыг дотооддоо алдалгүй тэссэн. Одоогийн байдлаар дотооддоо халдвар алдаж, Засгийн газар, УОК болон бусад мэргэжлийн байгууллагаас шуурхай арга хэмжээ авч, Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжин, хатуу хөл хорио тогтоогоод байна. Халдварын тархалтыг хумих чухал цаг үед хаана хаанаа ухамсартай байж, хуулиа мөрдөхийг дахин дахин сануулж байна.