“ААЯ Макс Софт” компанийн захирал А.Ш нь бага насны хүүхдийг эрсдлээс хамгаалахын тулд андройд гар утсанд зориулсан тухайн хүний гар утсаар дамжуулан байрлал, үйлдлийг нь хянах программ зохиожээ. Холбогдох байгууллагуудад хандахад Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглаж болно хэмээсэн тул өөрийн ажиллуулдаг www.t ... l.mn сайтад оруулжээ. Сурталчилгааг нь цахимаар явуулсанд ялангуяа эмэгтэйчүүд их ханджээ. Б.А гэдэг эмэгтэй мэдүүлэхдээ “...Би интернэтээс www.t ...l.mn сайтын талаар мэдсэн. Тэгээд зааврын дагуу нөхөр О-ийн Солонгос улсад үйлдвэрлэсэн “ЛЖ” маркийн гар утсанд суулгаад туршиж үзэхэд ажиллаж байхаар нь төлбөрийг Хаанбанкны дансаар хийгээд ашиглаж эхэлсэн. Энгийн багцын үйлчилгээг гурван удаа авч ашиглан нийт 90.000 төгрөг төлсөн. Нөхрийнхөө хаана юу хийж яваа болон хэнтэй юу ярьж байгааг мэдэх зорилготойгоор ашигласан” гэжээ. Харин хохирогч болсон нөхөр нь “Манай эхнэр гадаад улсад байх хугацаандаа миний “ЛЖ” маркийн гар утсыг www.t ...l.mn сайтад бүртгүүлж хяналтад өгч миний хувийн мэдээ, мэдээллийг авч байсныг би өнөөдөр мэдсэн. Эхнэр гадаад улсад байх хугацаандаа миний хэнтэй, хаана юу хийж явааг дандаа мэддэг байсан. Би "Чи яаж мэдээд байгаа юм бэ?" гэж асуухад "Надад хэлдэг хүн байдаг юм" гэдэг бөгөөд уг асуудлаас болж бид хоёрын дунд хэрүүл тасардаггүй байсан. Одоо миний хувийн мэдээлэл тэрхүү сайтад хадгалагдаж үлдсэн байгаа учир надад аюултай байна” гэжээ. Өөр нэг эмэгтэй Ү.Г нь “Би фэйсбүүкээс www.t ... l.mn сайтын талаар сурталчилгааг үзээд өөрийн хоёрдахь нөхөр Э-гийн утсанд суулгасан. Ингээд тагнаж үзэхэд хаана юу хийж яваа нь ер нь тогтоогдож эхэлсэн” гэжээ. Харин хохирогч болсон нөхөр нь “Манай эхнэр миний хаана юу хийж явааг мэдчихдэг байсан. Би зарим үед гайхдаг ч мэдчихсэн юм байлгүй дээ гээд өнгөрдөг. Тэгээд хүний гар утас хянах зорилготой программ байдгийг саяхан мэдлээ. Эхнэр намайг мэдэнгүүт устгасан” гэжээ.