
Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигггүй, утгагүй зарцуулсан болон цагдаагийн болхи ур чадваргүй ажиллагааны нэгэн жишээ болсон шүүх хурал саяхан Англид эхэлжээ. 2000 оноос “Clandestine Insurgent Rebel Clown Army” буюу “Тэмцэгч алиалагчдын нууц арми” нэртэй алиалагчдаас бүрдсэн зүүний үзэлтэй байгууллага дайн хүчирхийлэл болон монополь эрхт корпорациудын эсрэг тэмцэж иржээ. Энэ зорилгынхоо дагуу аялан тоглолтынхоо үеэр жагсаал цуглаан зохион байгуулж эсэргүүцлийн янз бүрийн арга хэмжээ явуулдаг байсан. Тоглолтондоо ч Засгийн газар болон улстөрчдийг худалдан авсан бизнесийн бүлэглэл, олигархиудыг хурцаар шүүмжилсэн үзүүлбэр оруулдаг. Ингээд цагдаагийн газрын гаргадаг нийгэмд аюултай бүлэглэлүүдийн жагсаалтанд оржээ. Тэмцэгч алиалагчдыг тагнаж байнгийн хяналтандаа байлгахын тулд 2003 онд нууц ажилтан эмэгтэй Линн Уотсоныг цирк-алиалагчийн тусгай сургалтанд сургаж бэлтгээд алиалагчийн дүрээр дунд нь оруулсан байна. Түүнд “EN34” гэдэг нууц нэр өгчээ. “EN34” нь тэмцэгч алиалагчидийн армид амжилттай нэвтэрч таван жилийн турш дотор нь ажиллажээ. Аялан тоглолтонд нь хамт явж эсэргүүцлийн ажиллагаанд нь оролцохын хамт тэмцэгч алиалагчдийн армийн удирдлага, гишүүд бүтэц, төлөвлөгөө ажиллагааных нь талаар нууц мэдээлэл дамжуулж байсан гэнэ. Нууц ажиллагааны явцад арми нь Засгийн газарт аюул багатай гэж үзсэн тул 2008 онд “EN34”-ийг эргүүлэн татаж Линн Уотсон усанд хаясан чулуу мэт алга болсон. Армийн алиалагчид эрж сурсан боловч олоогүй. Гэсэн ч түүнийг цагдаагийн нууц туршаал байсан гэх мэдээлэл тэмцэгч алиалагчидад иржээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэхүү сэжиг улам бүр батлагдаж Линн Уотсон туршуул болох нь бүрэн нотлогдожээ. Ингээд энэ оноос “Тэмцэгч алиалагчдын нууц арми” болон алиалагчдын бусад 18 байгууллага хамтран цагдаагийн газрыг хууль бусаар мөрдөн тагнасан хэмээн шүүхэд зарга мэдүүлжээ. Үүнтэй хамт 1960-2020 оны хоорондох цагдаагийн явуулсан хууль бус мөрдлөг, тагнах чагнах ажиллагааны олон баримтыг дэлгэн тавьсан байна. Ээлжит шүүх хурлын үеэр өмгөөлөгч Питер Уэзбери цагдаагийн туршуул “EN34” буюу Линн Уотсоны ямар ч мэргэжлийн ур чадваргүй, болхи эв дүйгүй байдлаар алиалагчийн үзүүлбэр тоглож байгаа бичлэгийг үзүүлжээ.
Алиалагчид ч цагдаагийн нууц туршуулийг өөрсдийн нэгэн адил алиалагч хэмээн итгэж олон жилийн турш зааж сургаж үнэтэй будаг шунх, хувцас хэрэглэлээр тусалж байсандаа маш их гомдолтой байгаа гэнэ. Харин цагдаагийн байгууллага маш болхи, мэргэжлийн бус ажилласан гэгдэн ичгүүртэй байдалд оржээ.


