БНХАУ-ын Жухай хотод монголчууд бас л нэгнийгээ зодож дээрэмдэж улсын нэрийг хөөдсөн. Болсон явдлаас үзэхэд урд газар ажилладаг “урт хуруутнууд”-ын хоорондын өш хонзонгийн хэрэг бололтой. Хохирогч нь Т.В гэх монгол иргэн агаад 800 мянган төгрөгийн Huawei P9 PLUS маркийн гар утас, 130 мянгын Samsung S4, 60 мянгын гар утас Samsung S2, 650 мянгын Huawei RNE-GL00, мөн төдий үнэтэй LG-G6 болон чихэвч, повер банк зэргээ дээрэмдүүлжээ. Түүнийг зодож дээрэмдсэн хүмүүс нь 50 гарсан насны мөн л монгол эрэгтэй, эмэгтэй хоёр аж. Тухайн үед хохирогч нь Жухай хотод ирээд байр түрээслэж байжээ. Зодсон хоёр нь түүнтэй “хуучны” тооцоотой гэнэ. Тэд Жухай хотод ирэнгүүтээ л Т.В-гийн байгаа газрыг зааж өг хэмээн бусдыгаа дарамталсан байна. Байрыг заалгуулж аваад бүгдээрээ ирж эмэгтэй нь “наад муу чинь миний шалдан зургийг авсан байсан, манай найзыг зодсон, жоохон охидуудыг урагшаа авч ирж хулгай хийлгэж шоронд оруулчихаад өөрөө цэвэрхэн үлддэг хүний муу үзэх дуртай хаяа муутай” гэж дайрчээ. Эрэгтэй нь “чи муу эр хүн байж ямар арчаагүй муу банди” гээд гэдэс рүү цохижээ. Ийнхүү хохирогчийг бүлэглэн зоджээ. Тэрээр самбаачлан зугтаж амьд гарсан байна. Хэргийг болон хэрэгтнүүдийг Монголд татан ирж шийдвэрлэсэн. Хохирогчийг зодсон эмэгтэй нь гар утас, повербанк зэргийг нь өөрийн зургаа Вичатаас нь устгуулсаны дараа өгөхөөр хурааж авсан, дээрэмдээгүй гэж мэдүүлсэн байна. Тухайн үед байсан “гэрч” нар нь дээрэмдүүлсэн гэх зүйлс нь бүгд хулгайнх гэж гэрчилжээ.